2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 23

Дэлхийн залуучууд, оюутны 19-р их наадам Орос улсын Сочи хотод өндөрлөлөө. Дэлхийн 188 орны 25 мянган залуус энэ их наадамд оролцжээ. Их наадмын үеэр 5000 сайн дурынхан ажиллаж, 1325 яруу илтгэгч илтгэлээ тавьсныг 1364 сэтгүүлч сурвалжиллаа. 

Цэнгэлдэх хүрээлэнд алдарт Александр ба Никита Поздняковын удирдлаган дор рок оркестр дэлхийн хитүүдийг тоглох үед наадмын бүх зочин, оролцогч дагаж дуулан бүжиж цэнгэлээ. Хөгжмийн цэнгүүний үеэр табло дээр гэрэлтэх төрөл бүрийн даалгаврын дагуу залуус нэгэн зэрэг “давалгаалж”, манекен шиг хөшиж тэврэлдэн, дэргэдэхээ үнсч хөгжилджээ. Их наадмын хаалтын ажиллагааг өндөрлөн 4000 их буугаар нэгэн зэрэг галын буудлага хийж, дараа нь бүгд диско үдэшлэгт оржээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин манай гарагийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай уулзаж үдэлтийн үгээ хэлснийг доор хүргэлээ. 

...Сочийн их наадам өндөрлөж байна. Энэ наадам дэлхийн өнцөг булан бүрээс манай оронд ирсэн 30-аад мянган залууст ашиг тусаа өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Бидэнд итгэж байгаад та бүхэнд баярлалаа. Их наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх хүмүүст баяр хүргэе. Их наадмын үеэр ер бусын, туйлын сайхан энерги ноёлж байсныг би мэднэ, яг өнөөдөр шиг. Энэ бол залуусын энерги, эрч хүч. 

Та бүхэн Орос орноос явахдаа зүрх сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг энд үлдээсэн гэж итгэж байна. Орос орон үүрд та бүхний сэтгэлд мөнхрөх болно. Бид та нарт итгэж байна. (дараа нь Путин англиар ярилаа) 

The future starts here and now. The future is you. All the best, dear friends. All the best. Thank you. (Ирээдүй энд, өнөөдөр эхэлж байна. Ирээдүй бол та нар. Эрхэм нөхөд өө, сайн сайхан бүхнийг та бүхэнд хүсье! Баярлалаа).

www.mnews.mn

Сэтгэгдэл