2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 10 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган явагдаж өндөрлөв. Ерөнхийлөгчийн Тамгын газар ба Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай энэхүү чуулганыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулжээ. 

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга, Ерөнхий Сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Ахлах зөвлөх, Цаг уур орчны шинжилгээний газар, Авто тээврийн үндэсний төв, ХБНГУ-ын Байгаль орчны агентлагийн мэргэжилтэн, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ, Майдар төсөл, Эко клуб ТББ болон эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 1600 хүн оролцож бодлого шийдлийг хэлэлцжээ. Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа танилцуулав. Уг зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.


I. Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

1. Агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга нь барилгажилт гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 онд зогсоосон ипотекийн зээлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэн олгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
2. Агаарын бохирдлыг бууруулахад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3. Нийслэлийн төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх, нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх.
4. Хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн хөдөлмөр, бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бий болгох талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх. 

II. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Дулаан алдагдлыг багасгаж, айл өрхөөс гарах агаарын бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор үндэсний үйлдвэрийн дулаалгын материалаар гэр, байшингаа дулаалах; уг ажлыг төр засгаас бодлогоор дэмжсэн хүүгүй зээлийн тогтолцоог бүрдүүлэн хамруулах; үүгээр дамжуулсан агаар, орчны бохирдол үүсгэгчийн хариуцлагыг шинэ шатанд гаргах;
2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх хугацааг үргэлжлүүлж, цахилгаан халаагуурын технологийг нэмэгдүүлэх арга хэмжээг дэмжих;
3. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологи үйлдвэрлэх, худалдан авахад банк, санхүүгийн байгууллагууд болон “Ногоон зээлийн сан”-гаас дэмжлэг үзүүлж хүү багатай зээл олгох;
4. Түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах, угаасан нүүрсний хувьд бохирдлыг 60% хүртэл бууруулах боломжтой тул нүүрсийг угааж хэрэглэх ажлыг яаралтай эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх;
5. Агаар бохирдуулагчаас авах татварыг нэмэх, “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулж татварыг төвлөрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган ажиллуулах;
6. Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодитой арга хэмжээнд зарцуулах;
7. Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/107 дугаар тушаалаар баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, шинэчлэх. 

III. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Зах зээл дээр бэлэн байгаа 42 мянган айлын орон сууцыг төр худалдан авч, гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээл, түрээсээр эзэмшүүлэх.
2. Орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд гэр хорооллын айл өрхийг хамруулах, 30 хувийн урьдчилгааны асуудлыг тэдэнд ашигтайгаар зохицуулах.
3. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлж инженерийн шугам сүлжээгээр хангах, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй “сервис центр” зэрэг төслүүдийг эрчимжүүлэх.
4. Гэр хорооллын орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийг нийслэлийг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй уялдуулах.   

IV. Нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг баталж хөдөөг үйлдвэржүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх 
2. Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, агаарын болон орчны бохирдлыг багасгах, газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зэрэг нийслэлийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэх, цаашилбал иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төрөөс баталгаатай хангах зорилгоор нийслэлийг нүүлгэн шилжүүлэх талаар УИХ-аас зарчмын шийдвэр гаргах.
3. Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нутаг дэвсгэрийн талаар зохих судалгааг хийж дүгнэлт гаргах.
4. УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хийх тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д заасан Налайх, Багануур, Багахангай, Хөшигийн хөндий, Эмээлт-Аргалантын дагуул хот, Гачуурт, Өлзийт, Туул, Био-Сонгино, Партизан-Жаргалантын дагуул тосгоныг хөгжүүлэх арга хэмжээ авах, юуны өмнө техник-эдийн засгийн үндэслэлийг яаралтай хийх.
5. Нийслэлээс их дээд сургуулиуд, төмөр зам, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийх, “Богдхан” төмөр замыг барих ажлыг эхлүүлэх[1].
6. “Хот байгуулалтын эрдэм шинжилгээний институт” байгуулах
7. Монгол Улсын “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулж УИХ-аар батлуулах.

Агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хариуцлага, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг чуулганд оролцогчид зөвлөмж болгож байна.

www.president.mn

Сэтгэгдэлүүд
  • Hotyn irgen IP: 202.180.218.147 2017 оны 10 сарын 26

    Yostoi zuv sanal sanaachlaga baina, 42000 oron suutsyg tur hudaldaj avahyg demjij baina
  • санжаа IP: 202.131.229.50 2017 оны 10 сарын 27

    орон сууцуудыг төр худалдан авч түрээсийн болгох нь зөв .ганцхан нөхцөл нь уг айлууд уул өөд авирсан хашаа байшингуудаа бүрэн буулгаж газрыг нь эрүүлжүүлж 20 жилийн өмнөх байдалд оруулах ёстой. төрийн худалдаж авсан байшинд шинээр орон нутгаас ирж иргэд орж болохгүй.мөн их дээд сургуулиудыг Багануур т 60 хувийг Дарханд 15 % Эрдэнэтэд 15 % Чойбалсанд10 % тус тус нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй . ингэхэд 200000 хүн шууд гарна. энэ ажлыг шууд ирэх хавраас эхлэх хэрэгтэй
  • дорж IP: 202.131.229.50 2017 оны 10 сарын 27

    гэр хороолол руу дэд бүтэц татсанаас тэр мөнгөөр хөдөө нүүлгэсэн нь дээр. арын уулаа зүгээр л 30 жилийн өмнөхөд нгь оруулахад мөнгө зарах хэрэгтэй.гажуудлыг гажуудлаар засдаггүй юм.
  • shaa shaa IP: 103.57.92.34 2017 оны 10 сарын 30

    hezee ch tiim yum bolohgui. ehleed nuguu urgui bolgono gesnee hiichikh teguul itgey.
  • зочин IP: 66.181.176.190 2017 оны 11 сарын 04

    Их дээд сургуулийг энэ хотуудад шилжүүлвэл хүүхэд ач зээгээ хэзээ ч тийш нь явуулж сургуульд оруулахгүй хөдөөнөөс ирж буй хүмүүст болох байх хотын бид нар хүүхдүүдээ тийш нь зүглүүлэхгүй Хотоо өргөжүүлж хотын түгжрэлийг багасгаж хуучин Берлин шинэ Берлин гэдэг шиг болгож өргөжүүлээд дараа нь нэг л хот болгомоор байвал зүгээр санагдаж байна. Хөдөөний энд тэнд амьдарч байсан хүмүүст нийслэл шиг нэгдэх сайхан байх хотын бид нарт алхах газаргүй агааргүй орчин л үлджээ.
Сэтгэгдэл