ТББХ: “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

0

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.07.07/ хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/3832 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн албан бичиг болон тогтоолын төсөл боловсруулах болсон үндэслэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ, хууль зүйн судалгаа хийх чадавхыг сайжруулах, парламентын судалгааны албыг өргөтгөн зохион байгуулах зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 3 дахь заалтад заасан арга хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн барилгыг Улсын Их Хурлын Тамгын газарт шилжүүлэх арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт; мөн тогтоол баталсантай холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой 2023 оны 7-12 дугаар сарын зардлыг өмнөх түвшинд тооцож, Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны батлагдсан төсвийн багцаас гарган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг тус тус даалгахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *