Шинжээч Мао Жөү Чэнь: Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр БНХАУ-ыг давах төлөвтэй
Австралийн “Sydney Morning Herald” сонин Монгол Улсыг онцолсон нийтлэл бэлтгэжээ. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.
Sydney Morning Herald:
Монголчуудыг аливаа хувьсаж буй зүйлд дасан зохицох чадвар сайтай гэдэг. Гэхдээ сул тал нь тэд ирээдүйг урьдчилан төлөвлөх чадвар дутмаг. Олон мянган жилийн нүүдэлчин амьдрал нь хуурай, далайд гарцгүй энэ орны ард иргэдийг ямар нэг гамшиг тохиолдоход хурдан дасан зохицох чадвартай болгосон. Нөгөөтээгүүр энэ амьдралын хэв маяг нь монголчуудыг төвлөрсөн хүн ам, хөрөнгөтэй дэлхийн эдийн засгийн урт хугацааны өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэй болгож буй.
43 настай Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үүнийг өөрчлөхийг хичээж байгаа юм.
Тэрбээр 1990 онд ЗХУ задарч, Монгол ардчилсан улс болсноос хойших улс төрийн хамгийн өргөн хүрээний шинэчлэл хийхийг оролдож буй. Монголын Засгийн газар мажоритар тогтолцоогоо сольж Шинэ Зеландын парламентын пропорциональ тогтолцоотой ижил систем үүсгэхээр төлөвлөж байгаа юм.
Шинэ тогтолцоо нь ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнийн Монгол Ардын Намын эрх мэдлийг ганхахад хүргэж магадгүй ч гэсэн Засгийн газар нь өөрчлөлт хийхийг эрмэлзэж байна. Түүнчлэн тус улс хамгийн нөлөө бүхий чинээлэг гэр бүлүүдээ шалгах, мөн БНХАУ, ОХУ-аас хамаарлаа бууруулах авлигын эсрэг аяныг эхлүүлжээ.
Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос ярилцлага өгөхдөө “Монголд нуугаад байх зүйл байхгүй. Бид шинэчлэл хийх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр ЗХУ-д боловсрол эзэмшээгүй Монголын анхны Ерөнхий сайд бөгөөд хүн амын 70 хувь нь 35-аас доош насныхан байдаг улсыг удирдаж байна. Сүүлийн 20 жилд 14 удаа Засгийн газар солигдож, уул уурхайн салбарт хэт хамааралтай эдийн засаг үүсгэсэн учир Монгол залуучуудын хөгжил дэвшилд архаг дутагдал үүссэн.
Мөн “COVID-19”-ийн цар тахал дэгдэн, БНХАУ хилээ хааж, ОХУ Украины эсрэг дайн эхлүүлсэн учир Л.Оюун-Эрдэнэ бодит өөрчлөлт хийх цаг нь болсон гэж шийджээ.
Тэрбээр “Миний Ерөнхий сайдын бүрэн эрхт хугацаанд энэ хоёр гол асуудал тулгарсан учир бусад үеэс онцгой гэж боддог. Бид тэдгээр нөхцөл байдлаас давуу талыг олж харах хэрэгтэй болсон. Монгол Улсын хувьд хамгийн чухал зүйл бол эдийн засгаа бие даасан болгох явдал юм” гэж хэлсэн юм.
Үүнийг эхлүүлэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчдад баялаг ихтэй ч тогтворгүй, харьцангуй залуухан ардчилсан улс нь эцсийн дүндээ эрсдэлээ давсан ашиг авчирна гэж үнэмшүүлэх хэрэгтэй.
Монголын улс төрд олон жилийн турш хоёр намын эзэрхийлэл ноёлж байсан төрийн тогтолцоо дуусаж, шинэ намууд байгуулагдлаа.
Шинэ тогтолцоонд Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимыг удирдах эрх мэдэлтэй байх ба Ерөнхийлөгч хуучин Зөвлөлт маягийн загвараас илүүтэй хяналт, тэнцвэрийн үүргийг гүйцэтгэх аж.
Онолын хувьд шинэ систем нь захиргааны тогтворгүй байдлыг хязгаарлахын зэрэгцээ засгийн газруудыг зөвшилцөлд хүрч, урт хугацааны бодлого хэрэгжүүлэхэд түлхэц болно. Монголын улс төрд удаан зүтгэж буй Гомбожавын Занданшатар хуучин болон шинэ тогтолцооны талаар “Ойлгомжгүй, тогтворгүй орчныг бүрдүүлсэн. Зөвхөн таатай засаглалын орчин бүрдүүлэх тухай хоосон яриагүй. Бид бодитой үр дүн гарган хийж байна. Хууль тогтоомжоо шинэчилж байна” хэмээжээ.
Г.Занданшатар Монгол Улсыг авторитар засаглалаас салахаар тэмцэж буй жижиг улсуудад үлгэр дуурайлал болж чадна гэж үзэж байгаа юм. Тэрбээр “Хоёр том хөршийнхөө хооронд оршдог, ардчиллын баян бүрд” гэж улсаа тодорхойлсон.
Хоёр хөрш нь Монголын үе үеийн удирдагчдад олон тооны таагүй нөхцөл байдал үүсгэжээ. Тухайлбал Монгол Улс одоо ч гэсэн эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат бөгөөд экспортынхоо 90 хувийг төмөр замаар БНХАУ-руу нийлүүлдэг.
ОХУ болон БНХАУ-аас хэт их хамааралтай байгаа энэ нөхцөл байдал урт хугацаанд тогтвортой үлдэхгүй учир Оюун-Эрдэнэ засгийн газраа сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, дижитал санхүүгийн салбараар төрөлжүүлж, Австрали гэх мэт орнуудтай “гуравдагч хөрш”-ийн харилцаа тогтоохыг эрмэлзэж буй. Энэ бодлогын хүрээнд Англи хэлийг Монголын хоёр дахь албан ёсны хэл болгосон.
Мөн Монголыг интернэттэй холбодог шилэн кабель нь Орос, Хятадын аль алинаар дамждаг тул Монголын засгийн газар хиймэл дагуулын тусламжтай интернэтүйлчилгээ үзүүлдэг Илон Маскийн “Starlink” компанитай хэлэлцээ хийж байна.
“Дайн эсвэл Ковид гэх мэт бидэнд тулгарч буй ямар ч сорилт хэзээ нэгэн цагт дуусна. Гэхдээ Австрали руу хөлөг онгоц, тэмээтэйгээ нүүж чадахгүй. ОХУ, БНХАУ хоёр хэзээ ч байрнаасаахөдлөхгүй. Тиймээс бид хөрш орнууд. Хөршүүд бие биеэ сонгодоггүй” гэж Г.Занданшатар хэлсэн.
Л.Оюун-Эрдэнэ маш нарийн дипломат бодлого явуулах зайлшгүй шаардлага үүсгэсэн нөхцөл байдал нь Занданшатарын хэлсэн Монголын газарзүйн байршлын онцлог юм.
Монголын нөхцөл байдлыг өөдрөгөөр харж буйгаа “Asia House” фирмийн шинжээч Мао Жөү Чень илэрхийлэхдээ “Ирэх жил Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр БНХАУ-ыг давах төлөвтэй” гэж хэлжээ.
Харин Оксфордын их сургуульд эдийн засгийн ухааны профессороор ажилладаг Нгейр Вудс хурдацтай хөгжиж буй жижиг эдийн засагтай улс бүр асар том сорилтуудтай тулгардаг хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Эдгээр сорилтууд ч мөн адил нүүрлээд байгаа тул Монгол шиг улс хурдтай, овсгоотой шийдвэр гаргах хэрэгтэй” гэжээ.
Тэмдэглэл: Асар том эдийн засагтай БНХАУ-ыг Монголтой харьцуулах нь үлэмж зөрүүтэй мэт. Гэвч энд эдийн засгийн нийт хэмжээ биш, өсөлтийн хувийг шинжээч Мао Жөү Чень онцолж ярьсан байна.
Статистик харахад, 2023 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засаг 7.4 хувиар өссөн (Trading Economics). Харин БНХАУ-ынх 4.5 хувь байгаа юм. Энэ утгаар, 2023 оны эхний хагасын байдлаар ч манай эдийн засгийн өсөлтийн хувь БНХАУ-аас өндөр байна. Мэдээж өндөр өсөлтийг улстөрчид хэрхэн үр өгөөжтэй хэлбэрээр хувиргаж, тогтвортой хадгалах вэ гэдэг нь хамгийн анхаарал хандуулах асуудал мөн.
Эх сурвалж: Sydney Morning Herald