СТАТИСТИК: Импортын барааны үнэ 45-аас 35.8 хувь болж буураад байна

0

 ҮСХ-ны мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, өмнөх оны эцсээс 7.1 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өсөөд байна. 

Энэ талаар ҮСХ-ны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ сар бүр өсөж байна. Хэр бодитой гарч байгаа вэ? Жишээ нь, гурилын үйлдвэрүүд гурилын үнээ 23 хувиар дур мэдэн нэмж өсгөсөн байна гэдгийг ШӨХТГ мэдээлсэн. Энэ нь инфляцид зохиомлоор нөлөөлж буй биш үү?

-Бид үнийн өсөлтийн мэдээллийг олон талын оролцоотой гаргадаг. Улаанбаатар хотын худалдааны томоохон цэг, төвүүд болон супермаркетуудаар явж мөн гаргадаг. Хүнсний гол хэрэглээ болох мах, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ улирлын хамааралтай өсөж хэлзэлздэг. Хавар махны үнэ өсдөг, намар сургалтын төлбөр, орон сууцны үнэ нэмэгдэх зэргээр улирлын шинж чанартай гардаг.

Үнийн өсөлтийн хурдац тодорхой хэмжээгээр буурч байна. Жишээ нь, энэ 7 дугаар сарынх дээр инфляц 10.6 хувийн өсөлттэй гарсан. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулахад, 16.9 хувийн өнгөрсөн оны өсөлтөөс 6.3 нэгж хувиар буурчээ.

Гэхдээ үүнийг иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөхөөр буурчээ хэмээн үзэх нь өрөөсгөл юм. Өмнөх жилүүдэд ковидтой холбоотойгоор үнэ ханш хэт өсөж байсан. Энгийнээр ойлгомжтой байдлаар талбайрлахад тэр үед 5 мянган төгрөгийн бараа 7-8 мянган төгрөг болж өсөж байсан бол одоо бол 200-300 төгрөгөөр л буурч байна гэсэн үг. Нэг ёсондоо тогтвортой явагдаж байсан үнийн өсөлт зогсож, бага зэргийн бууралт ажиглагдаад эхэлсэн гэсэн үг.

-Ундаа, усны бүлгийн үнэ 13.6 хувиар тогтмол өсөж байгаа нь хэр бодитой вэ? Үүнд юу нөлөөлж байна вэ? Инфляцид 40 гаруй хувиар нөлөөлж ирсэн импортын бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байгаа вэ?

-Ундаа, усны бүлгийн үнэ манай тооцооллоор 11 хувийн өсөлттэй байгаа. Согтууруулах ундаа болон тамхины бүлгийн үнэ 7.3 хувийн өсөлттэй гарсан. Өсөлтөд ерөнхийдөө орц материалын үнэ буюу материалын зардал орж байна. Импортын барааны нөлөөллийг өмнөх саруудтай харьцуулахад ерөнхийдөө буурч байгаа. Энэ сард 35.8 хувийн нөлөөтэй гарсан. Үүнд тээврийн бүлгийн үнэ нөлөөлж буйг харж болно. Энэ сард 1.3 хувиар нөлөөлсөн. Тэгэхээр импортын бараан дээр тээвэр, логистикийн зардал, үнэ гайгүй болж байна гэсэн үг гэв.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.0 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 10.6 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *