Н.Тавинбэх: Энэ жил 3.5 км урттай дулаан хангамжийн төв магистраль шугамыг солино
Эрчим хүчний яамны захиалгаар Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр 2021 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Анхны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх зорилготой энэхүү төсөл хөтөлбөр нь дэлхийн банкнаас 41 сая ам.долларын зээлийн гэрээний санхүүжилтээр хийгдэж байгаа юм байна.
Энэхүү төсөл хөтөлбөр нь 2025 он хүртэлх буюу таван жил хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ жилийн хүрээнд Хан Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгино- Хайрхан зэрэг зургаан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах 4.8 км урттай 6 магистрал шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм байна. Ирэх наймдугаар сарын 05-нд шугам угсралтын ажлыг дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд тохижилт нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэж эхлээд байгаа аж.
Дээрх ажлуудыг гүйцэтгэж байх хугацаанд НЗХГ-аас 4аб, 12г магистраль шугамын авто зогсоол болон авто замын нөхөн сэргээлтийн зардлуудыг зурагт төсөвт тусгагдсан дүнгээс хэт өндрөөр үнэлж төлбөр тооцоог заавал урьдчилан тооцож авах, төлбөр тооцоог урьдчилж хийхгүй бол зам хаах зөвшөөрөл олгохгүй байх зэрэг асуудлууд тулгарсан тухай албаны хүмүүс хэлж байлаа.
МЭЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар:
-Өнөөдөр дэлхийн банкны төслөөр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд эрчим хүчний компаниуд төвөөр болон захын дүүргүүдээр дулааны төв шугамуудыг сольж гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ дулааны төв шугамын ашиглалтын хугацаанд дуусаад удсан, хэзээ мөдгүй хагарч хэрэглэгчдийг дулааны эрчим хүч болон халуун усаар таслах магадлалтай байсан шугам сүлжээг манай эрчим хүчний яамнаас асуудлыг нь уламжилж нийслэлтэйгээ хэлэлцээд дэлхийн банкнаас зээл авч энэ төслийн ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.
Энэ төслийн ажлыг гүйцэтгэснээр бид нарын сольж байгаа шугамууд дээр хэрэглэгчид 20, 30 жил найдвартай дулааны эрчим хүчээр хангагдах нөхцөлийг нь бүрдүүлэн өгч байгаа юм. Төслийн ажлуудыг хийхэд гүйцэтгэгч компаниудад хүндрэлтэй зүйл гарч байна. Жишээ нь Дэлхийн банкнаас зээл авахын тулд төсвөө урьдчилж хийдэг. Хэчнээн төгрөгийн зээл авах гэж байгаа вэ? гээд үүнийг хийхэд барилга хот яамны сайдын тушаалаар баталсан үнэ тариф, төсөв зохиох аргачлаа хийгээд сангийн яамаар хянуулаад энэ ажлыг ийм мөнгөн дүнгээр хийнэ гээд зээл авдаг. Улаанбаатар хот маань зам талбай, ногоон байгууламж дээр өөрсдөө үнэлгээ гаргадаг. Бид нар тендерт орчоод төв замыг сэтлэх болохоор Улаанбаатар хот төлөвлөлтийн зүгээс өөрсдийнхөө үнэлгээг гаргаад бид нарын тендер дээр байгаа үнэлгээнээс хоёр дахин их төсвийн үнэлгээ гаргаж ирээд байршуулсны дараа ажил эхэлнэ гэдэг. Манай ажилчид замаа сэтлэх гэж байхад нь машин механизмын журмын хашаанд хийчихдэг. Мөнгөө бүрэн байрлуулж байж ажлаа хий гэж хэлдэг. Бид нар тийм төлөвлөсөн мөнгө нь байдаггүй. Ногоон байгууламжийн зардал гэж асар их мөнгө нэхдэг. Үнэхээр энэ төсөвт нь суучихсан байдаг бол өөр хэрэг. Гэтэл Монгол улсад мөрдөгдөж байгаа төсөв зохиох аргачлалын дагуу барилгын яамны сайдын баталсан тушаалаар төсвөө хийгээд тендерт оролцоод гүйцэтгэж байхад Нийслэл давхар өөрийн үнэлгээг гаргаж ирээд байна.
Эрчим Хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн зориулалттай 340км шугам ашиглагддаг. Одоогийн байдлаар 340 км шугамын 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дуусч шаардлага хангадаггүй. Олон жил эрчимтэй хөөцөлдөж тооцоо судалгаа хийсний үр дүнд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж өнгөрсөн оноос энэхүү ажлыг эхлүүлэх байна. Өнгөрсөн онд бид нар 10 орчим км Улаанбаатар хотын ашиглалтын хугацаа дууссан дулаан хангамжийн магистрал шугамыг сольж шинэчилсэн. Энэ жилийн хувьд бид нар 3.5 км урттай дулаан хангамжийн төв магистраль шугамыг солино. Энэ ажил хийгдсэнээрээ дулаан хангамжийн чанар сайжрах юм. Дараагаар нь шинэ хэрэглэгчийг нэмэх техникийн боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод төлөвлөгдсөн засгийн болоод хувийн хэвшлийн барилга байгууламжийг дулааны эрчим хүч хангах боломжтой.
Халаалтын улирлаас өмнө амжихын тулд наймдугаар сард багтаагаад дуусгах төлөвлөн ажиллаж байна.
Төслийн зохицуулагч Э.Мөндөр:
-Нийтдээ 41 сая төгрөгийн санхүүжилт байгаа. Энэхүү санхүүжилтээр Улаанбаатар хотын туйлширч муудсан дулааны шугамуудыг шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд зургаан байршилд шугам солих ажил хийгдэх юм. бидний хувьд зургадугаар сарын нэгнээс эхэлсэн. Есдүгээр сарын 1-нд дуусгах ёстой зорилттой байна. Ажлын явц 80-90 хувьтай явж байгаа. Бага тойргийн 10 мянган орчмын хэрэглэгч, айл өрхүүдийн дулаан хангамж сайжрах юм. Цаашдаа 30 ба түүнээс дээш жил ямар ч хүндрэл үүсэхгүй гэдгийг баттай хэлж чадна. Төслийн хүрээнд дулааны шугам сүлжээг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, агаарын бохирдлыг бууруулах, нийгэм эдийн засагт эерэг нөлөөлөх юм байна.