Үер үл хөдлөхийн үнийг буулгаж эхэллээ
Хэтрүүлсэн хүнд унтаад босоод ирэхийн зуурт л үнэ нь өсч, тэнгэрт хадаад байсан үл хөдлөх хөрөнгүүд үерт автсанаар ханш нь унаж эхэлжээ.
Орон сууц, автомашинаа усанд автуулж, хохирсон иргэдийн хувьд байраа хэр таарсан үнээр зараад үерт автдаггүй газарт орон сууцтай болохын хүслэн болж байгаа бол үерийн эрсдэлтэй бүсэд орон сууц барьсан компаниуд ч үнээ буулгаж эхэлж буй бололтой.
Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл болзол хангаж байгаа бол 1м2-ыг нь 2 сая төгрөгөөр үнэлэн орон сууцтай болох боломжтой гэдэг саналыг барилгын компаниуд тавьж эхэлжээ.
Цар тахал, долларын ханшийн өсөлт, инфляци зэрэг олон хүчин зүйлээс хамаарч орон сууцны үнэ өссөөр байсан юм. Үүнээс шалтгаалж Туул гол, Сэлбэ гол дагуу байршилтай орон сууцнуудын үнэ тэнгэрт хадаж, 1м2 нь 7, 8 сая төгрөгөөр ч үнэлэгдсэн. Гэвч 20 минут ч хүрэхгүй бороонд өндөр үнэтэй орон сууцууд усанд автаж, гражууд нь усаар дүүрч автомашинууд нь ч эрсдэлд орсон.
Хачирхалтай нь, Улаанбаатар хотод орсон бороог үнэ хямд орон сууцууд ажралгүй давсан нь газрын тогтоц нь үер ус орохооргүй зөв байршилтай байсных уу, эсвэл тэнгэр таалав уу гэдэг яриаг ч үүсгээд буй. Гэхдээ долдугаар сар гарснаас хойш нийслэлд хэд, хэдэн удаагийн хүчтэй аадар бороо ороход төмөр зам, 25 дугаар эмийн сан, Хархорин, 21 дүгээр хороолол, 10 дугаар хороолол, Дөчин мянгат, 120 зэрэг газруудын орон сууцууд ажралгүй давсан нь хойшид энэ газруудын үл хөдлөх хөрөнгүүд хур бороог даах баттай үл хөдлөх хөрөнгө болж мэдэх итгэл төрүүлээд байна.