АН-ын ҮБХ тойрсон будилаан

0

Ардчилсан намынхан нэг дээвэр дор орсноос хойш анх удаа төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаанаа энэ сарын 28-нд хийх гэж байна. Хоёр жил гаруйн турш хуваагдаж, “хошин шогийн жүжиг” тоглосны эцэст тус намынхан сонгуулийн өмнөх жил хүссэн, хүсээгүй нэгдэх ёстой болсон юм. Удахгүй болох ҮБХ-ны хуралдаанаараа тэд ерөнхий нарийн бичгийн даргаа томилно. Үүнээс гадна сонгуультай холбоотой “хор найруулга”-аа баталгаажуулах биз ээ. Өнгөрсөн сарын 23-нд болсон Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр ҮБХ-ны гишүүд дунд ротацын буюу эргэлтийн сонгууль явуулах, эсэх талаар ярилцаж, хоёр хуваагдсан сурагтай. Мөн уг зөвлөлөөс ҮБХ-ныхоо хурлын товыг тогтоосон юм. 

…Хэрэв эргэлтийн сонгууль явуулахгүй юм бол яаж “бялуу” хуваах вэ гэсэн асуулт гарч байна. Тэгвэл Л.Гантөмөр ротац хийх тухай ярихдаа “Татвараа төлөөгүй гишүүдийг хасаж, оронд нь сонгууль хийе” гэсэн юм билээ. Татвараа төлөөгүй бол дараагийн хүнд зайгаа тавьж өгнө гэсэн үг. Ийнхүү нөхөн сонгууль явуулж, “бялуу”-гаа хуваарилах гэнэ… 

Намын дарга Л.Гантөмөр дүрэм ёсоор нийт гишүүний гуравны нэгт эргэлтийн сонгууль явуулах нь зөв гэж үзсэн бол МоАХ фракцынхан 100 хувьд нь хийе гэжээ. Энэ бол тус фракцын тэргүүн, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь гэсэн үг. АН-ын хувьд ҮБХ-ны гишүүн байх нь олон боломжийн үүдийг нээдэг юм. Зөвхөн төлөөллийн уг байгууллагын гишүүнд л УИХ-ын сонгуульд нэр дэвших, нам нь ялсан нөхцөлд шат шатны Засаг дарга хийх эрх олддог учраас тэр. Тиймээс АН-ын доторх фракцууд ирэх сонгуулиар нэр дэвшүүлэх хүмүүсээ ҮБХ-нд багтаах, улираах, ер нь тэнд давуу төлөөлөлтэй болох эрмэлзэлтэй байгаа. Үүнийг тойрсон маргаан, талцал, “яриа хөөрөө” тус намд өрнөж байна. АН-ын дүрэмд ҮБХ нь УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны буюу 304 гишүүнтэй байхаар заажээ. Хоёр хуваагдан талцаж байх зууртаа тус намын ҮБХ-ны гишүүний бүртгэл ч будилаантай болсон тул яг хэдэн хүнтэйг нь хэлэх хэцүү байгаа юм. 

304, ЭСВЭЛ 467 

2000 онд таван нам нэгдэж, “шинэ” Ардчилсан намыг байгуулах үед үндсэн дүрэмдээ ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгийг өөрчлөхөөр жил бүр ротацын сонгууль явуулж, салхи оруулдаг байхаар тусгасан аж. Уг дүрмийг АН-ын үе үеийн дарга “орон гаран” мөрдсөөр өнөөдрийг хүрч байгаа юм. Зарим даргын үед эргэлтийн сонгууль явуулахгүй удах тохиолдол гарч байсан гэнэ. Ингэснээр ҮБХ “хаалгаа түгжиж”, шинээр хүн оруулахгүй болгосон гэсэн гомдол зарим гишүүнд нь байдаг юм билээ. ҮБХ-ны гишүүнийг дунд шатны намын чуулганаас дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Уг чуулганаар санал хураалтыг тойргийн нийт суудалд явуулж, хамгийн бага хувь авсан гуравны нэг хүртэлх тооны гишүүдэд эргэлтийн сонгууль явуулдаг юм байна. Ротацын сонгуульд оролцох болсон хүмүүсийн хувьд оногдсон ажлаа сайн хийсэн, элдэв зөрчил гаргаагүй л бол дахин өрсөлдөөд сонгогдох боломж нь нээлттэй байдаг. Мөн ҮБХ-ны нийт гишүүний 79-өөс доошгүй нь эмэгтэй, 79-өөс доошгүй нь 39 хүртэлх насны залуус байна хэмээн тусгаж, нийгмийн төлөөллийг хангах зарчим баримталжээ. Нөгөө талаар тус намын дүрэмд “УИХ-ын ээлжит сонгуулиас хоёр жилийн өмнө эргэлтийн сонгууль явуулна” хэмээн заасан байна. Уг заалтыг мөрдвөл энэ онд дээрх байгууллагад хөдөлгөөн өрнөхгүй нь гэж ойлгож болох юм. Гэхдээ Улс төрийн зөвлөлийн хурлын үеэр АН-ынхан ротац хийх санал дэвшүүлж ярилцсан учир хүсвэл дүрмийн заалтыг өөрчлөх боломжтой. Ямартай ч одоогоор эргэлтийн сонгууль явуулж эхэлсэн тухай мэдээлэл алга. 

Эхний ээлжид тэд ҮБХ-ны гишүүнийхээ тоог тохирохоор хичээж буй аж. Ардчилсан намын албан ёсны цахим хуудсанд байршуулсан дүрэмд нь зааснаар бол ҮБХ 304 гишүүнтэй, шаардлагатай бол уг тоог дахин 76-гаар нэмж болно гэжээ. Ингэвэл 380 гишүүнтэй болно. Тэгвэл 467 гэсэн тоо бас “яваад” байгаа юм. Өмнөх, хойдох дарга нарын үед ҮБХ-ны гишүүдийн тоог нэмсээр ийм болчихсон бололтой. Манай ҮБХ “400 гаруй гишүүнтэй” гэж тус намын нэгэн лидер эмэгтэй ярьсан. Ер нь өөрсдөө ч төлөөллийн байгууллагынхаа гишүүний тоог тодорхой мэдэхгүй байгаа бололтой. Үүнийг хоёр хуваагдаж, хэдэн талд хүчинтэй, хүчингүй хурал хийн бантан хутгасны илрэл гэж болно. С.Эрдэнэ даргын үед эргэлтийн сонгуулиар ҮБХ-ны гишүүдийг нэлээд сэлгэсэн байна. Мөн нөгөө “нам” нь ч уг төлөөллийн байгууллагын хурлаа хийж, зарим өөрчлөлт оруулсан гэнэ. Хуваагдсан хоёр талынхны алиных нь явуулсан эргэлтийн сонгууль хүчинтэй, хүчингүйг ч мэдэх боломж алга. Ийнхүү “хөл, толгойгоо алдсан” ҮБХ-гоо цэгцлэх ажил Л.Гантөмөрт ногдож байна. Түүнчлэн хууль зүйн үүднээс ч ийм шаардлага үүсээд буй. УИХ-аас Үндсэн хууль, Сонгуулийн болон Улстөрийн намын тухай хуулийг өөрчлөн баталж, парламентын гишүүний тоог 126 болгон нэмсэн. АН-ынхан УИХ-ын сонгуулийн тойргоор ҮБХ-ны гишүүнийхээ тоог тогтоодог учир дүрмээ дээрх хуулиудад нийцүүлэн өөрчилж таарна. Ийм шаардлага, шалтгаанаар арав гаруй хоногийн дараа болох ҮБХ-ны хурлаас өмнө гишүүнийхээ тоог тодорхой болгох нь.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *