Туул гол дээр газар олгосон М.Энхболдыг, хууль зөрчиж баригдсан “Ривер вилла” хотхоныг хүлээж авсан С.Төмөрдулам нарыг АТГ шалгахаар болжээ
Голын ай сав, үерийн хамгаалалтын бүсэд газар олгож, барилга байгууламж барьсан, түүнийг нь хүлээж авсан эрх бүхий албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа билээ.
Бид өмнө нь Сэлбэ болон Дунд голын ай савд газар олгож, барилга барьсан асуудлаар шалгагдаж эхэлсэн хүмүүсийн талаар мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл энэ удаад Туул голын ай сав газарт орон сууцны зориулалтаар газар авч, улмаар орон сууцны хотхон барьсан ч түүнийг нь улсын комисс хүлээн авсан талаарх баримтыг дэлгэж байна.
Тодруулбал,“Ривер вилла” хотхоны газрыг Улаанбаатар хотод хамгийн их хэмжээний газар олгосон гэгддэг Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд 2002, 2003, 2004 онд олгожээ. Мөн 2022 онд одоогийн Засаг дарга Д.Сумъяабазар газар олгосон байна.
Хамгийн ноцтой нь тухайн хотхон нь тухайн газрыг амины орон сууцны зориулалтаар авч, архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан атлаа орон сууцны хотхон барьсан байтал улсын комисс хүлээж авсан байгаа юм.
Тодотговол Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас 2021 оны аравдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан 40 гишүүнтэй улсын комисс тухайн хотхоны барилгыг хүлээн авсан байна. Комиссын даргаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам ажилласан бол Нарийн бичгийн даргаар тус газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж.Жүрмэддорж, НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайхан, байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ч.Энхчимэг, УСУГ-ын менежер Т.Баасанхүү, ОБЕГ-ын Барилгын зураг төслийн хяналтын тасгийн дарга Б.Мягмаржав нарын 40 хүний бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авчээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тухайн барилгын захиалагч нь иргэн С.Нямдаваа гэгч бол гүйцэтгэгчээр “Босоо цамхаг” ХХК, барилгын зураг зохиогч “Эгэл” ХХК ажилласан аж. Харин “Маршал комфорт” ХХК эзэмшдэг байна. Товчхондоо, улсын комисст багтсан эдгээр хүмүүс архитектур төлөвлөлтийн даалгавар нь амины орон сууцны зориулалтаар гарсан барилгыг орон сууцны хотхон барьж хууль, журам зөрчсөнийг үл тоож, ашиглалтад хүлээн авсан байна. Тиймээс Туул голын сав газарт газар олгосон М.Энхболд, барилгыг хүлээд авсан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нарын хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгахаар болжээ.