Б.Чойжилсүрэнгийн 177 тэрбумын “нүүрсний импорт”-ыг зогсоожээ

0

Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” тогтоолыг Засгийн газрын 2023 оны долдугаар сарын 19-ний ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Энэ тогтоолд НЗДТГ-ын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалж, цугласан эх үүсвэрээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгасан байдаг.

Дээрх тогтоолын дагуу НИТХ 2023 оны наймдугаар сарын 9-нд хуралдаж, түүн дээр нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэжээ. Үндсэндээ нийслэлийн бонд хэмээх “алаагүй баавгайн арьс”-ыг хуваах тухай Эрчим хүчний сайдын энэ санал, мэдэгдлийг нийгэм хүлээж авсангүй. Тэр чигтээ эсэргүүцсэн. “Нийслэлийн иргэдээр туршилт хийх гэж байна”, “Нүүрсээ экспортолж амьдардаг улс импортолж түлнэ гэж байх уу”, “Нүүрсний хулгай зүсээ хувиргаж, экспортолж иддэг байснаа импортоос авахаар улайрч байна”, “Кокс нүүрс түлж болно. Гэхдээ импортолж түлэх нь утгагүй”  гэх зэргээр шүүмжилсэн. Тэгвэл уржигдар Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар яригджээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэлийн бондын мөнгийг зөвхөн үйлдвэрт л зарцуул. Кокс нүүрсний үйлдвэрийг өргөтгөж, технологийн шинэчлэл хий. БНХАУ-аас кокс нүүрс оруулж ирж түлэх нь үргүй зардал болно. Ийм үргүй зардал гаргаж болохгүй” гэсэн чиглэлийг өгчээ. Ингэснээр Б.Чойжилсүрэнгийн ярьж, нийгэмд дуулиан тариад байсан “кокс нүүрсний импорт” зогсож байгаа бололтой.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148) 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *