Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд туслах өдөрлөг Баянзүрх дүүргийн 4-р хороонд зохион байгуулагдаж байна
“Face 820” өдөрлөг хоёр дахь жилдээ амжилттай болж байна. Баянзүрх дүүрэг, БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” хүмүүнлэгийн байгууллагууд хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр үзэсгэлэн худалдаа, Солонгос хоолны амталгаат худалдаа, урлагийн тоглолт болохоос гадна түлэгдэлтэй хүүхдүүдийг сайн дурын үзлэгт мөн хамруулж байна. Арга хэмжээнээс олсон бүх орлогыг түлэгдэлтэй хүүхдүүдийн мэс заслын төлбөрт зарцуулах юм. Баянзүрх дүүрэг нь БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” хүмүүнлэгийн байгууллагуудтай өнгөрсөн онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. 2022 онд мөн хүмүүнлэгийн олон төрлийн үйл ажиллагааг хийж байсан юм. Цаашид ч олон гэр бүлд аз жаргал бэлэглэх, санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд туслах арга хэмжээг тогтмол зохион байгуулна гэдгээ хэллээ. Өдөрлөг Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хорооллын спорт талбайд болж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.