Зарим боомтын ажиллах цагийн хуваарийг сунгана
Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 21-нд боллоо.
Тус хуралдаанаар зарим боомтын ажиллах цагийн хуваарийг сунгах, хилийн боомтын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэхэд анхаарч ажиллахаар болсон байна. Үүнд, Замын Үүд- Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох үнэлгээг энэ онд хийх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон Хөх хотын гаалийн газар, Өвөр Монголын шалган нэвтрүүлэх Ерөнхий боомтод даалгав. Туршилтын ажлыг яаралтай явуулан бүрэн дүүрэн үнэлгээ хийсний дараа албажуулахаар талууд тохиролцсон юм. Мөн Бичигт-Зүүн хатавч боомтын ажиллах цагийн хуваарийг судлан үдийн цайны цаггүй ажиллуулах урьдчилсан үнэлгээг хийх ажлын хэсэг гаргахаар болов. Улмаар Булган-Такашикэн боомтын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хоёр улсын хууль ёсны амралтын өдрүүд болох бямба, ням гарагт зорчигч болон ачаа тээврийг нэвтрүүлэх, өвөл, зуны ялгавартай хуваарь хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Тодруулбал, зуны улиралд тавдугаар сарын нэгнээс есдүгээр сарын 30-ны өдрүүдэд Бээжингийн цагаар 10-21 цаг, өвлийн улиралд ажиллах цагийн хуваарийг жил бүрийн аравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд Бээжингийн цагаар 10-19 цаг байхаар тогтсон байна.
Түүнчлэн тавдугаар хуралдаанд Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тээврийн тусгай гарц нээхийг талууд идэвхтэй дэмжин, Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон ӨМӨЗО-ны Боомтын захиргаа, Хөх хотын гааль, Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран урагшлуулахаар санал нэгдсэн аж.