Залуус өөрсдийн хөгжил, оролцоог хангахын төлөө чуулж байна

0

НҮБ-аас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр”, Монгол Улс наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог урианы хүрээнд шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлж ирсэн.

Энэ жил Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоог бэхжүүлье” уриан дор Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэлтэй хамтран Залуучуудын есдүгээр чуулганыг өнөөдөр Төрийн ордноо зохион байгуулж байна. Чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болох 800 гаруй залуус оролцож, залуучуудын хөгжил, оролцоог хангахад тулгарч буй асуудал болоод цаашид төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрт өөрсдийн байр суурь, санал санаачилгаа уламжилж байна. 

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэгээс өмнөх чуулганаар хэлэлцсэн асуудал, түүнээс улбаатай ямар ажлууд хэрэгжив, энэ удаагийн чуулганаас хүлээж буй үр дүнг тодруулсан юм. Тэрбээр энэ тухайд “Залуучуудын үндэсний чуулганыг 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн. Чуулган тус бүрээс оролцогчид залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэлтэй холбоотой өөрсдийн санал санаачилгыг дэвшүүлж ирсэн. Урьд урьдын чуулганаас томоохон санаачилгууд гарч байсан. Тухайлбал, залуу гэр бүлийн хүүхдийнх нь төрсөн өдөр тохиосон тохиолдолд цалинтай чөлөө олгодог болох санаачилга гарч, одоогийн байдлаар 2000 аж ахуй нэгжид эл санал нэгэнт ажил хэрэг болсон байна. Түүнчлэн ипотекийн болон түрээсийн орон сууцны ээлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутагт ажиллахаар очиж буй залуучуудыг орон сууцаар хангахад байх зэрэг санаачилга амжилттай хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч өмнөх чуулганаас дэвшүүлсэн залуучуудыг ажлын байраар бүрэн дүүрэн хангадаг байх, их дээд сургуулийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлтэй нь уялдуулдаг байх зэрэг зорилт бодит ажил хэрэг болоогүй байна. 

Өнгөрсөн чуулганаар бодлогын чанартай хэрэгжсэн хоёр зорилт байна. Хорихоос суллагдаж буй залуусыг нэг жилийн өмнөөс нийгэмшүүлдэг болох санаачилга өнөөдөр хөтөлбөр болоод хэрэгжиж байна. Нөгөөтэйгүүр тэр бүр төрийн байгууллагын анхаарлын төвд багтдаггүй нэг асуудал бол асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрээд гарч буй залуучуудын асуудал юм. Эл асуудлыг бид хяналтдаа авч, тодорхой судалгаа явуулж, тэдгээр залуучуудыг бизнесийн байгууллагуудтай холбох, ипотекийн зээлд хамруулах, их дээд сургуульд элсэхэд нь дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжин тусалж ирсэн. Одоогийн байдлаар, 15 залууг Япон улс руу дадлагажигчаар явуулж байх жишээтэй. 

Чуулганаас бид нэлээн олон хүлээлттэй байна. Үүнд, залуучуудын салбарт гарч байгаа бүтэцтэй холбоотой асуудал багтаж буй. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар статусын хувьд өөрчлөгдөж, залуучуудын асуудлыг тусдаа ярьдаг болж байна. Энэ нь цаашдаа залуучуудад ээлтэй хөтөлбөр батлан хэрэгжүүлэх тал дээр ахиц гарна гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ удаагийн чуулганд 21 аймаг, 9 дүүргийн төлөөллийг оролцуулахаар урьсан. Тэдгээр оролцогчид маань шийдвэр гаргах түвшнийхэнд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байгаа нь ихээхэн чухал үйл явц юм” гэлээ.   

Энэхүү чуулганаар “Эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө”, “Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл”, “Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа”, “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал”, “Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санаачилга” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болж, залуус үзэл бодол, байр сууриа илэрхийлж буй. Сэдэвчилсэн хэлэлцүүлэг дууссаны дараа “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудал, боломжит шийдэл” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг болох юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *