САНГИЙН САЙДЫН САНУУЛГА БУЮУ ТӨСӨВ ДААТГАЛЫН САН БИШ
Өнгөрсөн зунжин Улаанбаатарчууд улаанаараа эргэлдсэн усанд баас, шээс, хог новштойгоо урслаа. Сэлбэ, Дунд голын эрэг дагуу баригдсан орон сууцнуудын орц хонгил нь усаар дүүрч, оршин суугчид нь тог цахилгаангүй гэртээ хөл хоригдоод амжив. Бүсэлхийгээр татсан уснаас хөлтэй хөлхөж, хөлгүй нь мөлхөхөөс наагуур хүүхэд багачуудаа үүрч, дүүрэн байж амь гарсан нь ч бий. Хотын гудамж, талбайнууд усанд автаж, шагай давсан шалбаагт зоогдох нь холгүй туучиж өнгөрсөн зуныг барав. Тэр байтугай байшин барилга, автомашинтайгаа үерт урсаж, хэдэн ч хайран амь усанд үйсэн харамсалтай үйл явдал болсон.
Ийн нийслэлчүүдийг усанд автах эрсдэлийг бий болгоход Дунд голын урсацыг хааж барьсан хэд хэдэн хороолол хотхны барилга байгууламжийн асуудал сөхөгдөж байгаа. Эдгээр барилгыг нураах захирамж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргаснаар хойш нэлээд хэдэн ч хоног өнгөрөв. Тэр дундаа олны шүүмжлэл дагуулаад байгаа “Авлига” хороолол гэж цоллуулах хүртлээ олныг бухимдуулсан “Акуа” гарден хотхоныг нураах захирамж хотын дарга гаргаснаас хойш “Барилгыг нураах хөрөнгийг нь төсвөөс гаргана, гаргахгүй” гэх маргаан хэд хоног олны дунд үргэлжлэх боллоо.
Анх энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн ““Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд. Миний ойлгож байгаагаар энэ хоёрт блокт 500 гаруй хүн захиалгаа өгсөн юм байна. Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар шийдэх шаардлага байгаа гэж ойлголоо. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой” хэмээн мэдэгдсэнээр уг дуулиан дэгдсэн. Сүүлдээ энэ асуудал нийгэмд талцал бий болгож, татвар төлөлчид ба хохирогчдын хэсэг гэсэн хоёр бүлэгт хуваагдах шинжтэй болоод явчихлаа.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Тус барилгыг нураах, хохирлыг нь барагдуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй, тийм боломж байхгүй” гэдгийг хатуухан сануулснаар энэ маргаан эцэслэгдэв. Тэрбээр энэ талаар “Төсөв гэдэг бол нэг төгрөг бүрийг УИХ-аас хуульчилж гаргадаг. Түүний дагуу явдаг. Түүнээс биш хэн нэгэн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг тийм тогтолцоо Монголд өнөөдрийг хүртэл байхгүй. Хэн, хэзээ, ямар буруутай шийдвэр хэрхэн гаргасан ямар хохирол учруулсан нь аль нэг институцад хамаатай асуудал. Татвар төлөгчид төсвийн харилцаанд огт байхгүй асуудал. Тухайн үед шийдвэр гаргасан юм уу түүнд оролцсон буруутай этгээдүүд хохирлыг барагдуулах ёстой. Төсөв аль нэг алдагдлыг нөхөж төлдөг даатгалын сан биш” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дунд голын урсацыг хааж барьсан зарим барилгыг буулгахаар болсон. Улмаар “Акуа” гарден хорооллын хоёр блокыг төсвийн хөрөнгөөр буулгана гэх мэдээлэл бий. Төсвөөс хохирогчдын мөнгийг гаргах талаар яриагүй. Мөн тийм боломж байхгүй. Учир нь шүүх хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, шүүхийн шийдвэр гарах ёстой. Улмаар хохирогчдын хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх нь зүйтэй. Ер нь нийслэлийг өмнө нь удирдаж байсан хүмүүс холбогдох хүмүүс өөрсдөө тайлбараа өгөх ёстой” гэлээ.
Энэ удаад Сангийн сайдын зөв. Нохойд барьдаг мод гэгчээр буруу ч байсан зөв ч байсан бүх асуудлыг төсвийн хөрөнгөөр шийддэг гэдэг тогтсон ойлголт манайхан дунд ужгирсан байгаа нь энэ мэтээр илэрч байна. Тэр байтугай байгалийн давагдашгүй хүчин зүйл гэсэн нэрээр халхавч хийгээд төвсийн хөрөнгөөр төлбөрөө төлүүлэх гэж улайрагсад ч энэ дуэд ажиглагдав. Төсвийг захиран зарцуулагчийнхаа хувьд хариуцлагатай байлаа, Сангийн сайд. Үүгээрээ төсөв гэдэг хэн дуртайгийнх нь гар хүрдэг, юу дуртай нь цацдаг хөрөнгө биш гэдгийг нэг мөр ойлгужлах цаг болсон гэдэг том анхааруулга болов.
Төсвийн хөрөнгө хязгаартай, түүнийг нь нуруундаа үүрч явдаг ард түмэн байдаг гэдгийг хаяа ч гэсэн сануулдаг, анхааруулдаг байх нь чухал юм байна. Тэгэхгүй бол төсвийн хөрөнгөөр дүрэмгүй туйлагсад хаа сайгүй болж, хэн дуртай нь хохиролоо төсвөөс төлүүлдэг гэдэг ойлголт ой тоонд нь орчихсон бололтой.
Төсвийн хөрөнгө уйлдаггүй гэгчээр хэн дуртай нь хууль зөрчиж барилга бариад түүнийг нь нураахын тулд төсвөөс хөрөнгө гаргах нь яавч зүйд нийцэхгүй. Тэр байтугай өнгөрсөн зуны турш тус хороолол дээр гаргасан хохирлын үнэлгээг гаргаж, төрөөс үзүүлсэн үйлчилгээ болгоныхоо төсвийг хууль зөрчигчдөөс гаргуулахад ч буруудахааргүй байна. Нэг ёсондоо хууль зөрчсөн хэн ч байсан хатуу хариуцлага хүлээдэг гэдгийг сануулдаг байх шаардлага үүсжээ бидэнд.
Цаашлаад энэ мэтээр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, хууль зөрчигдийн хохирлыг төр барагдуулдаг гэдэг угжирсан тогтолцоог нэр мөр цэглэх шаардлага байна.