О.Баярмаа: Овоотын отряд сумын төвийн ойрхон нүүж ирнэ гэж ярьцгааж байна

0

Өмнөговь аймгийн Овоотын отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухарч Гурвантэс сумын төв рүү нүүхээр болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Нийгмийн шуугиан болоод буй энэхүү мэдээлэлтэй холбогдуулж Гурвантэс сумын иргэн О.Баярмаатай ярилцлаа.

-Гурвантэс суманд байрлах хил цэргийн Овоотын отрядыг сумын төв рүүгээ нүүхээр болсон гэх мэдээлэл нийтийн сүлжээгээр цацагдлаа. Энэ талаар нутгийн иргэд олны дунд ямар яриа байна?

-Овоотын отряд манай сумаас 45 километрийн зайд байрладаг. Өндөр уулын өвөр дээр гүвээ толгодын дунд байрладаг. Отряд нүүнэ гэсэн яриа дуулдаад байгаа. Ер нь тэр яриа ортой болоод байна. Энэ сарын 10, 11-нд отрядын 90 жилийн ой болно. Ойгоо тэмдэглэсний дараа сумын төвийн доод буланд нүүж ирнэ гэж ярьцгааж байна. Отрядын тэнд Суварга хайрхан гэж дээр үед лам нар бясалгал хийдэг, олон агуйтай уул бий.

Мөн зүүн талд нь Овоотын хийд гэж байсан. Одоо ч хийдийн туурь нь байна. Харин тэр газар нутгийг МАК компани авчихаад байна уу даа. Канадын хөрөнгө оруулалттай гэгддэг Саус гоби сэндс компани бас авчихаад байна уу даа гэх хардлага байна.

-90 жилийн түүхтэй отряд яг юунаас болж нүүхээр болов гэдэг нь сонирхол татаад байна?

-Манай сумын өвгөд хөгшид ярьдаг байсан. Отрядын тэрхүү газар нутгийн хэвлийд тэр чигтээ нүүрсний орд байгаа гэж ярьдаг байсан. Овоотын тэндэх нутаг манай сумын тавдугаар багийн нутаг. Тэнд ихэвчлэн малчид нутагладаг. Сураг сонсох нь ээ МАК компани айлуудыг газраа чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг хүргүүлээд байгаа гэсэн. Тэр хавийн айлууд Баянхонгор руу малаа их зарж байгаа. Ер нь уур амьсгалын өөрчлөлт, ган гачгаас болж малчид их нүүж байгаа. Тавдугаар багийн төв отрядын наахна байдаг. Саяхан баг дээр болсон хурал дээр сумын Засаг дарга Гангамааг очиход тэр нутгийн малчид отряд нүүх нь үнэн юм уу гэж асуусан байсан. Тэгэхэд Засаг дарга “Энэ аймгийн болоод сумын Засаг даргын мэдлээс хэтэрсэн асуудал болоод байна. Хил хамгаалах байгууллагын нууцын зэрэглэлтэй асуудал учир бидэнд хамаагүй болоод байна” гэх утга бүхий хариулт өгсөн гэсэн.

-Олон нийтийн сүлжээгээр шуугьсан мэдээлэл дунд “Хилийг нааш нь татаж байна, газар нутгаа Хятадад өгөхөөр боллоо” гэсэн юм харагдсан. Хил наашаа татагдана ч гэж юу байх вэ. Харин отряд нүүнэ гэдэг нь анхаарал татаж байсан. Саяны нийгмийн шуугианыг нутгийн иргэд яаж хүлээн авсан бэ?

-Энэхүү мэдээллийг нутгийн ард түмэн маш эмзэг хүлээж авсан. Үнэнийг хэлэхэд, Гурвантэс сумын иргэдийн сэтгэл зүй хурцадмал байдалтай байна. Хилээ манаж байх ёстой хилийн цэргийн отряд байрлаж байсан газраасаа 40, 50 км ухарч, тухайн газрынхаа эсрэг талд нь гарах нь гэдгийг олон түмэн ерөөсөө ойлгохгүй байгаа.
Сумын төвийн доод булан руу отряд нүүж ирнэ гэж яригдаад байгаа. Үндсэндээ сумын төвийн баруун талд хилээ манаж байсан хилийн отряд сумын төвийн зүүн талд буюу эсрэг тал руугаа гарч ирэхээр яригдаж байна. Хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн отрядыг нүүлгэж сумын төвд нь байрлуулсныг хүмүүс мэдэж байгаа байх. Манай суманд яг л энэ түүх давтагдах гээд байна. Олны яриагаар бол Овоотын отрядын газар доорх баялгийг нь ухах гээд байгаа бололтой. Тэр чигээрээ нүүрсний уурхай гэж яригддаг. Отряд нүүж байгаа гол учир үүнтэй холбоотой байх гэж иргэд бид хардаж байна.

-Ер нь отряд нүүнэ гэсэн яриа хэзээнээс дуулдсан бэ?

-Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур байх аа. Овоотын отряд нүүх нь зөв, буруу гэж талцсан тийм нэг бүрхэг мэдээлэл нийгмийн сүлжээнд шөнө тавигдсан. Түүнд олон хүн отряд нүүнэ гэж юу яриад байгаа юм бэ. Хилээ манах байгууллага сумын төвийг манах болж байна уу, хилээ манах ёстой биз дээ гэх байр суурийг илэрхийлсэн байсан. Ийм яриа гарсны дараахан Буд гэж сумын өндөр настай эмэгтэйгээс би асуусан юм. Тэр хүн бол яг Овоотын отрядын тийшээ нутаглаж байсан хүн.

Буд эгч “Наадах чинь хоёр, гурван жилийн өмнө яригдсан асуудал. Отряд нүүх гэдэг үнэн байх шүү. Отрядад ажиллаж байсан хүн надад хэлсэн” гэж байсан. Ингэж би өнгөрсөн хавар отряд нүүх гэдэг яриа зүгээр нэг цуу яриа биш, ултай яриа юм байна гэдгийг ойлгосон.

Эх сурвалж: Өдрийн сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *