М.Бадарчийн мэдэгдлийг П.Сайнзориг “Ховоор төөрөгдүүллээ” гэв
Энэ жил /2023.07.12/-ийн үндэсний их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын Арслан М.Бадарч допингийн А сорьцоос нь допинг илэрсэн талаар мэдээлсэн билээ. Улмаар Б сорьцын шинжилгээгээ өгсөн талаараа цахим хуудсаараа мэдээлсэн юм.
Тэрбээр “…. Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна.
2023 оны наймдугаар сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн.
Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог. Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн.
Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна…” хэмээн цахим хуудсаараа албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.
Тэгвэл ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг баримт байвал гаргаж харуулж, хов зохиож, олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй хэмээн цахим хуудастаа мэдээлэв.
Тэрбээр “Мэдэгдэл гэдэг зүйлийг сая л харлаа. Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.
Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан. Баримт байвал гаргаж ирээд харуулах хэрэгтэй, ховоор бас зохиож олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй болов уу. Хууль тогтоомжийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж буй байгууллага, алба хаагчдыг баримтгүйгээр ташаа мэдээлэл тараах замаар өөрийн хариуцлагагүй байдлаа бусдад нялзааж гэмгүй царайлмааргүй байна.
Ичсэн, бантсан хүн юу гэдэг билээ ийм зүйл болж байна. Өөр юу ч гэхэв дээ нээрээ, харамсалтай байна. “Б” сорьцын хариу албан ёсоор ирсний дараа хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд заасны дагуу олон нийтэд мэдээлэх бөгөөд шаардлагатай холбогдох арга хэмжээг авна аа” гэж нийтэлжээ.
Дээрх мэдээллээс харахад М.Бадарчийн А сорьцноос допинг илэрсэн нь үнэн бөгөөд Б сорьцын шинжилгээгээ хийлгэхээр явуулснаа өөрөө ийн мэдээлэв. Ингэхдээ түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гарч магадгүй гэх яриа байсан гэдгийг тодотгов. Харин П.Сайнзоригийн хувьд үүнийг үгүйсгэсэн агуулгыг цахим орчиндоо нийтэлжээ.
Юутай ч Б сорьцын хариу 14 хоногийн дотор багтаж ирнэ. Товчоор бол энэ сарын 18-ны өдөр гэхэд М.Бадарчийн допингийн шинжилгээний хариу эцэслэгдэх юм. Хэрэв Б сорьцын хариу А сорьцтой ижил байвал М.Бадарчийн Улсын арслан цолыг хураах билээ. Түүнчлэн барилдах эрхийг нь хоёр жилээр хасах магадлалтай юм.