Хүний гавьяат эмч П.Батчулуун: Сайхан сэтгэл гаргаж донор болгохыг зөвшөөрсөн гэр бүлийн гишүүдээс нь уучлал хүсэж байна

0

Өнгөрөгч наймдугаар сард өрх толгойлсон 30 настай нэгэн эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн болов ч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан байсан талаар ар гэрийнхэн нь Zarig.mn сайтад мэдээлсэн юм.

Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Хүний гавьяат эмч П.Батчулуун тайлбар хийлээ. Тэрбээр, “Юун түрүүнд би уучлалт гуймаар байна. Миний бие өөрөө төрийн албыг залгуулж, хуулийн нэрийн өмнөөс донор болооч гэдэг хүсэлтийг гэр бүлийн гишүүдэд тавьсан. Манай донорын гэр бүлийн гишүүд сайхан сэтгэл гаргаж, элэг нэгт Монголчуудынхаа амь насыг авръя гээд донор болохыг зөвшөөрсөн.

Энэ тал дээр нийгмийн даатгалын газраас оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх ёстой байсан. Гэвч энэ асуудлыг шийдэж өгөлгүйгээр, буруу харж, нүүрээ бууруулсан харамсалтай үйл явдал болсон. Энэхүү ажлыг ахалж очиж, гэр бүлээс зөвшөөрөл авсан хүний хувьд би сайхан сэтгэлт гэр бүлээс уучлал гуймаар байна.

Бид донорын тухай хууль болон бусад холбогдох бичиг баримт, журмуудыг танилцуулан, ямар ямар эрхтэн авах талаар хоорондоо ярилцсан. Эрхтэн авах мэс заслын явцад судас болон шөрмөсийг авах магадлалтай талаар би гэр бүлийн гишүүдэд нь хэлж байсан. Тухайн үед би буруу тайлбарлаж, буруу ойлголт төрүүлсэндээ харамсаж байна. Донорын гэр бүлийн зүгээс гаргасан сайхан сэтгэлийн ачаар Монголын гурван иргэн элэг, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд, эмч нарын хяналтад байгаа нь донорын гэр бүлийн маань ач тус шүү гэдгийг хэлмээр байна.

Тэднийг Монголын төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй элдэв асуудлаас болж гомдоож, эвгүй байдалд оруулсандаа туйлын харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлээд дахин дахин уучлалт гуйя. Би их ичиж, их зовж байна. Миний бие 30 гаруй жил мэс засал хийж явахдаа үргэлж хүний амь нас, сайн сайхны төлөө явсан. Энэхүү асуудал өнөөдөр ийм хэцүү нөхцөл байдалд хүрсэнд маш их санаа зовж байна.

Сайхан сэтгэл гаргасан ээж, ах нар, үеэл ах мөн түүний 3 хүүхдээс нь уучлал гуйж байна. Энэ явдал олон хүний амь насыг аврах, алдаа мадаг гаргахгүйгээр ажиллахад том сургамж боллоо. Цаашид илүү нягт нямбай ажиллах болно гэдгээ амлаж байна. Уучлаарай” гэж Zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа дурдлаа.

Сануулахад, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол “Амьгүй донор болж, эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт дэмжлэг үзүүлнэ “гэсэн заалт байдаг. Энэхүү дэмжлэгийг авахын тулд 36 сар улсад хөдөлмөрлөж, нийгмийн даатгал төлсөн байх ёстой аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *