ИРГЭД УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ МЭДЭХГҮЙГЭЭР ЗАГАС, АН АМЬТАН АГНАЖ, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙНА
Манай улсад Улсын тусгай хамгаалалттай 99 , орон нутгийн тусгай хамгаалалттай 1200 орчим газар байдаг. Үүний нэг нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар билээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумын нутгийг хамран оршдог. Нийт 364.358 га нутгийг хамрах томоохон түүхийн өв болсон энэ бүс нутгийг 2006 онд “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.
Хоёр аймаг дамнан орших энэ уудам хөндийн нутгийг улсын тусгай хамгаалалттай газар болохыг аялагчид тэр бүр мэддэггүйгээс гадна тусгай тэмдэг, тэмдэглэгээг анхаарахгүйгээр энэ бүс нутагт ан амьтан, загас агнаж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй гардаг байна.
Энэ он гарсаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүрээлэн байгаа орчны 16 хэрэг бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үйлдэгдсэн 5 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан бол цаашлаад ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” бол 540 мянгаас 7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оногдуулна гэж заасан.
Үүнээс гадна тухайн иргэний ан агнах үедээ хэрэглэсэн уурга, дэгээ, завь зэрэг зэвсэг, техник хэрэгсэл, агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйлсийг хураан авч, хуулийн дагуу шийдвэрлэдэг.
Тиймээс иргэд Та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн газар орноо судалж, газрын байршил, тэмдэглэл, санамж зэрэгтэй сайтар танилцан, анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.