Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Шоронгоос нөхрийг минь суллавал дахиж лайв хийлгэхгүй гэдгээ аав ээжийнх нь хамт амлаж байна
Хорих ангид ял эдэлж буй АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт хандан захидал илгээжээ. Захидалдаа “Би Зүүнхараагийн дээрэлхүү дарга А.Батхуягаас айж байна.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ
ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар нараа….
Миний нөхөр Д.Мөнх-Эрдэнэ нь та хоёрын шууд удирдлагад хамаардаг ШШГЕГ-ын 413-р хорих ангид хэрэг хийгээгүй, хилсээр хоригдож байна. Нөхрийг минь та нар ар гэрийн нөхцөл байдал болон санал хүсэлтийг нь асуулгүйгээр НДЗШШүүхээс магадлагаа гардаж авсны маргааш нь харьяаллын бус, хаа байсан Зүүнхараагийн шорон руу ачиж явуулсан.
Бие нь муу байгаа хөгшин настай аав ээж, энхрий бяцхан үрсийг нь бодож ар гэртэй нь ойр, хотын ойролцоо хорих ангид хуваарилах сэтгэл байсангүй юу.
Улаанбаатар хотод ганц хүн шингээчих шорон алга уу.
413-р хорих ангид миний нөхрийг очоод удаагүй байхад хорих ангийн дарга нь солигдож А.Батхуяг гэдэг дээрэлхүү нөхөр томилогдож очсон.
Нөхрөө хуулийн хугацаанд нь хоногийн эргэлтээр эргэж байхад “эргэлтээс нь буулга” гэж А.Батхуяг дарга намайг сүрдүүлсэн. БИ ОДОО ХҮРТЭЛ АЙДАСТАЙ БАЙНА.
Мөн дахин нөхөртэйгөө цахим уулзалтыг хуулийн дагуу хийсний дараа нөхрийг маань “шалгана, арга хэмжээ авна, акт бичиж магадланд оруулахгүй” гэж дарамталсан байна.
Бодвол А.Батхуяг даргад та хоёр нөхрийг минь хуулийн дагуу магадланд оруулахгүй, сонгууль өнгөртөл яс суулгах үүрэг даалгавар өгсөн биз.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ
Х.НЯМБААТАР АА
Яасан дуусаж дундардаггүй их өс хонзон бэ.
Хууль бусаар бүлэглэж өгсөн ялыг чинь миний нөхөр гонгинож гоншигонолгүйгээр үг дуугүй биелүүлээд шоронд чинь суугаад ядарч яваа шүү.
Монгол Улсын Дээд шүүх хүртэл танай тал юм байна.
Одоо болоо юм бишүү. Шоронд хүртэл шоронгийн даргаар дээрэлхүүлээд. Та хоёрт Монгол эр хүний мөн чанар, мөс жудаг гэж байна уу.
Тэр сонгууль, улстөр чинь миний нөхөрт ял өгсөн цагаас хойш хамаагүй болсон биздээ.
Яасан дээрэлхэж дуусдаггүй ЭРХ МЭДЭЛтэй юм бэ.
Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2023-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Үгүй бол би бяцхан үрстэйгээ МУ-ын Үндсэн Хуульд заасны дагуу 11-р сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…
Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна.
Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй.
Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.
МУ-ын иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал.
Жич: Шоронгийн дарга А.Батхуяг хуулийн дагуу холбогдох газарт өмгөөлөгчийн хамт гомдлоо гаргана.
413-р хорих ангийн Эргэлт уулзалтын байрны нөхцөл байдлын талаар дараа бичнэ.
Зүгээр л гамшиг” гэжээ.