Дээд шүүхийн баг тамирчид “Шүүхийн спортын их наадам-2023”-д түрүүллээ
Монгол Улсын дээд шүүхийн баг тамирчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Шүүхийн спортын их наадам 2023”-д тэргүүн байр эзэлж, аваргын цом хүртлээ.
Тус наадамд анхан, давж заалдах, хяналтын шатны 117 шүүхийн 35 багийн 800 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, ширээний теннис гэсэн спортын таван төрлөөр 2023 оны 9 дүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 1-ний өдөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Мөн Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ахмадын холбоо тэмцээнд урилгаар оролцсон юм.
“Шүүхийн спортын их наадам-2023”-ын ширээний теннисийн холимог хосын төрөлд Улсын дээд шүүхийн баг тэргүүн байр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг дэд байр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гутгаар байр эзэлсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн төрөлд Улсын дээд шүүхийн тамирчин Г.Гантогтох тэргүүн байр, Шүүхийн ахмадын холбооны тамирчин Б.Энхбаатар дэд байр, Төв аймгийн шүүхийн тамирчин Г.Ганбаяр гутгаар байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Шүүхийн ахмадын холбооны тамирчин Д.Төгсзаяа, дэд байрыг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамирчин Н.Оюунбилэг, гутгаар байрыг Хэнтий аймгийн шүүхийн тамирчин Х.Отгонжаргал нар эзлэв.
Шатрын төрөлд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн баг тэргүүлж, Улсын дээд шүүхийн баг дэд байр, Шүүхийн сахилгын хорооны баг гутгаар байр эзэллээ.
Дартсын төрөлд Ховд аймгийн шүүхийн баг тэргүүлж, Баян-Өлгий аймгийн шүүхийн баг аман хүзүүдэж, Улсын дээд шүүхийн баг гуравдугаар байрт Ховд аймгийн шүүх шалгарсан юм.
Гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Дорнод аймгийн шүүхийн баг, дэд байрыг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн баг, гутгаар байрыг Дорноговь аймгийн шүүхийн баг эзэллээ. Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг, дэд байрт Сонгинохайрхан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг, гутгаар байрт Баянхонгор аймгийн шүүхийн баг шалгарлаа.
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд Улсын дээд шүүхийн баг түрүүлж, Төв аймгийн шүүхийн баг дэд байр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг гутгаар байрт орсон юм. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тэргүүн байр, Улсын дээд шүүхийн баг дэд байр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг гутгаар байрыг эзлэв.
“Шүүхийн спортын их наадам-2023”-т багийн нийлбэр дүнгээр Улсын дээд шүүхийн баг тамирчид тэргүүлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг дэд байрыг эзэлсэн бол Ховд аймгийн шүүхийн баг гутгаар байрт шалгарлаа.