“ЦАЛАМ” АЖИЛЛАГАА: “ТЭНҮҮ-ОГОО” ХХК-ИЙН А.ГАНХУЯГИЙН “КАПИТАЛ АВТО СЕРВИС” КОМПАНИ ЦАГДААГААР ХАМГААЛУУЛЖ, ОЙ МОДЫГ ХЯДАЖ, ЕРӨӨ ГОЛ ДОТОР АЛТ УХАЖ БАЙНА

0

Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үүрлэсэн хууль бус алт уурхайнуудын баримтыг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад ашиглалтын лицензтэй, зөвшөөрөлтэй хэмээн даналзаж, Ерөө гол дотор алт олборлож байгаа “Капитал авто сервис” ХХК-ийн хууль бус баримтыг хүргэж байна. Тэнүүн-Огоо компанийн захирал Аюушийн Ганхуягийн эзэмшлийн “Капитал авто сервис” гэх компани Бугант тосгонд алт олборлож байна. Сауд гэх газарт “эзэн” сууж, ноёрхолоо тогтоосон уг компанийн талбайг Монголын цагдаа хамгаалж, Ерөө гол дотор алт олборлож байна ГЭВЭЛ уншигч та итгэх үү.

         “Капитал авто сервис” гэх компани нь Бугантыг ухаад 10 гаруй жил өнгөрчээ. Хамгийн ноцтой нь, БОАЖЯ, УУХҮЯ, АМГТГ-ынхан тус компанид Ерөө голыг ухах дархан зөвшөөрөл өгчээ. Товчхондоо, Ашигт малтмалын тухай хуулиар ойн сан, гол дотор ашиглалт, хайгуулын лиценз олгохгүй гэж заасан байдаг. Гэтэл тус компанийн ашиглалтын лиценз Ерөө голын хоёр талын эрэгт гарч, улаанаар эргэлдүүлэн алт ухаж байна.

          Биднийг “Капитал авто сервис” ХХК-ийн талбайн ойролцоо очиход Ерөө голын нэг талын эргийг хааж, “Гадны хүн орохыг хориглоно” хэмээн бичсэн байлаа. Мөн харуулын цэг байгуулж, зөвшөөрөлгүй машин оруулахгүй, шалгалт ирвэл уурхай руугаа мэдэгдэх хатуу даалгавар өгчээ. Хамгаалатын ажилтнууд “Уурхай руу хэнийг ч оруулж болохгүй. Хүн оруулахаар уурлаад байдаг учраас бид ажилгүй болно. Бороотой байгаа учраас уурхай түр хугацаанд зогссон байгаа. Дарга нарын утасны дугаарыг хэнд ч өгөх боломжгүй” хэмээн хамгаалалтын түгжээгээ дахин дахин шалгаж, дангинатал түгжиж орхисон юм.

        Ерөө голын хоёр талын эргийн мод бургасыг хядаж, үнсэн саарал болтол нь өм цөм ухаж, сэндийчжээ. Уурхайн кемп гэж 10 гаруй гэр барьж, хоёр ч алт угаадаг том буу байрлуулсан байлаа. Ерөө голын хоёр талын эргийн ухсан нүх алт угаасан улаан, шар шавартай усаар дүүрч, Ерөө гол руу цутгадаг гэнэ.

        Нутгийн иргэдийн ярьж буйгаар “Капитал авто сервис” гэх компани алт угаасан бохир усаа Ерөө голд цутгаж байгааг илтгэх ганцхан баримт нь голын усны өнгө. Угтаа тус  компанийн алт олборлож байгаа талбайн дээд хэсгээс Ерөө гол тунгалагаар урсаж байгаа. Харин талбайн доод хэсгээс эхлээд бохирдол ихтэй, улаан шороотой урсаж байгаа. Гэтэл манай төрийнхан Ерөө голын ус бохирдолгүй, эрүүл, тунгалаг гээд байдаг. Энэ компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод Ерөө голоос ундаалж байгаа хүн, мал өвчин тусах болсон нь нууц биш. Алтны компанид ажилладаг хүний биетэй л адилхан болсон. Тийм ч учраас иргэд Ерөө голын эрэг дагаж нутаглахаа больж байгаа. Мод, ургамлыг тасдаж, үндсээр нь булаглаж, байгаль орчныг сүйтгэсэн асуудал нь бол дийлдэшгүй. Алт угаасан бохир шороогоо Ерөө голд цутгаж байгаа нь иргэдэд харагдаад байдаг хэрнээ төр, хууль хяналтын байгууллагынханд харагддаггүй. Тэр бүү хэл алт олборлодог машинааа Ерөө гол дотор оруулаад ухаж байхыг нь хүртэл иргэд харсан. Энэ тухай нь Экологийн цагдаа болон Бугант тосгоны захирагчийн албанд мэдэгдэж, шалгалт хийлгэхээр өнөөх техник хэрэгсэл нь байрандаа л байгаад байдаг гэнэ лээ. Төр нь сохор юм уу, иргэд нь сохор юм уу, мэдэхгүй” гэээд бухимдаж байна.

        Бугант тосгоны төвөөс ердөө гурав, дөрвөн км-ийн зайтай урсах Ерөө голын эрэгт хяналтын цэг байгуулжээ. Гэхдээ биднийг очих үеэр тус хяналтын цэг эзэнгүй, цонх нь хагархай, хог новшондоо дарагдсан байлаа. Ерөө голын улаан гүүрээр сумын иргэдийг нэвтрүүлэхгүй, хууль бус алт олборлочдыг барих, таслан зогсоох зориулалтаар баригдсан, байгуулагдсан хяналтын цэг гэнэ. Гэхдээ цаад утгаараа “Капитал авто сервис” ХХК-ийн талбайг хамгаалах зориулалттай бололтой.

Капитал авто сервис компанийн Эзэмшигч нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал Аюушийн Ганхуяг. Хувьцаа эзэмшигч нь Ганхуягийн төрсөн эгч Чулуун, Төмөрбаатар Цогтбаатар, Сүрэнжав Төмөрбаатар нар ажээ.

     Бид дараагийн дугаартаа алт ухах зөвшөөрөл өгсөн холбогдох албаныхан болон Байгаль орчин, аялалл жуулчлалын сайдаас тодруулан хүргэх болно.

Эх сурвалж: Ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *