“Ипотекийн зээлийн 2 хувийн зөрүүг арилгаж иргэдийг хохиролгүй болгох ёстой”
УИХ-ын гишүүн Э.Батшугар намрын чуулганы /2023.10.05/ хуралдаанд ипотекийн зээлийн зөрүүг хөндлөө. Тэрбээр “2013 оноос найман хувийн хүүтэйгээр хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хүүг 2020 оноос зургаан хувь болгосон. Харин 2020 оноос өмнө зээл авсан зээлдэгчид найман хувийн хүүг хэвээр нь төлж байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг” өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2024 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэх үеэр хөндлөө. Тэрээр “Ипотекийн зээл 2020 оноос зургаан хувийн хүүтэй гарч эхэлсэн. 2013 оноос 8 хувийн хүүтэй олгож байсан. Тэгэхээр 2 хувийн зөрүүн дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь маш олон иргэн цаг хугацааны асуудлаас болоод бодлогын золиос болж байна. Энэ 2 хувийн зөрүүг нөхөхөд хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Үүн дээр Монголбанкны зүгээс ямар бодлого баримталж байна вэ” гэж асуув. Түүний асуултад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван 400 орчим тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай, бөгөөд энэ эх үүсвэрийг шийдвэл зөрүүг арилгах боломжтой” гэж хариуллаа.
Манай улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөө үзүүлэхгүй байгаа тул Төвбанк мөнгөний бодлогын шинэ хэрэгслүүдийг ашиглаж, илүүтэй цаг үеэ мэдэрсэн бодлого хэрэгжүүлэх ёстойг УИХ-ын гишүүн Э.Батшугар хэллээ.
ТУХАЙЛБАЛ:
- Эдийн засгийн эргэлтийн гол урсгал болсон Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хүртээмжтэй санхүүгийн бодлого хэрэгжүүлэх,
- Гадаадын төрөлжсөн хөрөнгө оруулалтын банкуудыг Монголд оруулж ирж, Шинэ сэргэлтийн бодлогын мега төслүүдийг хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх,
- Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт, инфляцыг бууруулахад Засгийн газрын бодлоготой уялдуулах,
- Цахим технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаа компаниудаа дэмжих,
- Мөн арилжааны банкуудын зээл олголтын статистикийг харахад цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хэмжээ өссөн, харин бизнесийн зээлийн хэмжээ хумигдсан байгаа тул шалтгаан нөхцлийг тодорхойлж ажиллах шаардлагатай байгааг Төвбанкны удирдлагуудад анхаарууллаа.