Инфляц 22 дахь сардаа хоёр оронтой тоонд хадгалагдав
Есдүгээр сарын байдлаар инфляц 10.1 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарснаар энэ оны долоодугаар сарыг эс тооцвол инфляц 22 дахь сардаа хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Инфляцын түвшин өмнөх сараасаа 0.1 хувиар өссөн бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурчээ.
Инфляц есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.4 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар өссөн, мөн боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын 4.6 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан бол 3.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэх боловч эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байгааг Монголбанк онцолж байв.
Жилийн инфляцыг авч үзвэл 40 орчим хувь нь мах, гурилаас үүдэлтэй байгаа бөгөөд дотоодын хүнсний 14-15 нэр төрлийн барааны үнээс мөн шалтгаалж байгаа аж. Тээвэр логистик, шатахууны хангамж, дотоодын хүнсний бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлт инфляцыг тогтворжуулахад чухал гэдгийг Монголбанк тодотгов.