Ураны хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг Д.Амарбаясгалан ахална

0

Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ураны ордын тогтвортой олборлолтыг эхлүүлэхэд бэлэн болсон. Иймд Монгол болон Францын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхээр бэлдэж буй билээ. Уг гэрээг боловсруулах Монголын талын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар ахалж байсан. Тэгвэл тэрээр Нийслэлийн Засаг даргаар томилогдохоор яригдаж буй тул ажлаа өгсөн юм.

Харин түүний оронд ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон байна.

Уг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад дараах зарчмуудыг баримтлана гэж Х.Нямбаатар илэрхийлж байсан.

  • Харилцан ашигтай байх
  • Цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх боломжийг бүрдүүлэх

Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн манай сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар, түүний ард түмэн, Францын хөрөнгө оруулагч тал гээд аль алинд нь харилцан ашигтай, тэнцвэртэй байх зарчим баримталж байна” гэсэн юм.

Хөрөнгө оруулалтын гэрээг энэ ондоо багтаан үзэглэнэ гэсэн хүлээлт манай талд ч, хөрөнгө оруулагч талд ч байгаа аж. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийж буй айлчлалын үеэр хоёр улс ураны салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *