Ж.Ганбат: 1072 хувьцааны ногдол ашгийг төмөр замаа холбоод, баяжуулах, угаах үйлдвэрээ барьсны дараа өгье
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонсох үеэр тус компанид хувьцаа эзэмшдэг 2.5 сая иргэнд ногдол ашиг хэзээ тараах боломжтой, 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд хэзээнээс Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшүүлж, үр өгөөжийг нь хүртээх вэ гэдэг асуудлыг УИХ-ын гишүүд хөндлөө.
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэнд эзэмшүүлэх асуудлыг судалж, 2023 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах. 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй ирэдэд нөхөн олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдэрлэ гэдэг даалгаврыг УИХ-аас 2023 оны нэгдүгээр сарын 19-нд та бүхэнд үүрэг болгосон. Энэ үүрэг даалгавар хэзээ ажил хэрэг болох вэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор менежмэнтийн хувьд сайжирсан олон ажил байна. Компанийн цэвэр ашиг 2023 оны III улиралд 2.7 их наяд болсон, IV улирал дуусахад 4 их наяд гараад явах төлөвтэй. Ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөн олгох УИХ-ын тогтоолыг хэзээ хэрэгжүүлэх вэ. Шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хувьцаа олгох асуудлыг хэзээ шийдэх вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:
-Компанийн 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг бол Монгол Улсын 2.5 сая иргэн 14.48 хувийг эзэмшдэг. Үлдсэн 0.6 хувийг ААН-үүд эзэмшдэг. Онц байдал тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.3 их наяд төгрөгийн өртэй байсныг 2 их наядаар бууруулсан. Засгийн газраас онцгой дэглэм дуусах хүртэл хугацаанд компанийн өр төлбөрийг цэгцэл, үйл ажиллагааг нь жигдрүүл гэж шийдвэр гарсан учраас хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хойшлуулсан. 2022 оны жилийн эцсээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Энэ ашгийг 2.5 сая иргэнд хуваарилахад нэг иргэнд 115 мянган төгрөг ногдох юм билээ. Хувьцаа эзэмшигчид болоод Засгийн газарт танилцуулж байсан. Тухайн үед баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаад, төмөр замын холболт гээд үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд энэний дараа ногдол ашгийг ярих нь зөв гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Т.АУБАКИР:
-1072 хувьцаа эзэмшигчдэд хэзээ ногдол ашиг өгөх вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:
-Компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшдэг. Энэнтэй холбоотойгоор 2019 онд ашигтай ажилласны ногдол ашгийг 2020 онд хуваарилсан. Нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Түүнээс хойш өгөөгүй. 2022 оны хувьд Засгийн газрын төвшинд танилцуулсан. Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл онцгой дэглэм тогтоосон, үйл ажиллагааг нь жигдрүүлсний дараа ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзсэн.
Онцгой дэглэм тогтоосон хугацаа аравдугаар сарын 21-нд дуусаж байгаа. Бид 2 их наядын өр төлбөр барагдуулсан ч цаана нь 2 их наядын өр байна. Төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлага бий. Ногдол ашиг тарааснаас илүү төмөр замаа холбоод, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад авах юм бол тонн нүүрснээс нэмэлтээр 70 гаруй доллар нэмэгдэж орно. 23 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд энэхүү экспорт хоёр дахин өсөх бололцоотой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа ногдол ашгийн асуудлыг авч үзэх нь зөв гэдэг байр суурьтай байгаа.