Б.Анхбаяр: Алтанширээ суманд байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

0

“Mongolian mining week-2023” чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Тус арга хэмжээний үеэр УУХҮЯ-ны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр газрын тосны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Монгол Улс 1990 оноос хойш газрын тосны эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн. 2022 оны байдлаар 334 орчим сая тонн газрын тосны баталгаат нөөцтэй. Үүнээс 43.4 сая тонн нь газрын тосны ашиглалтын баталгаат нөөц юм. 1998 оноос хойш газрын тосны экспорт улсын төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар бүрдүүлсэн. 

Харин манай улс жилд 1.8 сая тонн газрын тосыг худалдан авахад 1.1 тэрбум ам.долларыг зарцуулдаг. Газрын тосоо экспортод гаргаж, гаднаас худалдан авах гэсэн зарчмаар 20 жил явсан байна. 

Цаашдаа “Галба 21”, “Матад 20” талбайг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. 2025 он гэхэд манай улс нийт газрын тосны баталгаат нөөцийг 384 сая тоннд хүргэж, 47 сая тонн ашиглалтын баталгаат нөөцтэй болно. Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүх тендерт Энэтхэгийн компаниуд шалгарсан. Учир нь ЭКЗИМ банкнаас нийт хөрөнгө оруулалтын 50 орчим хувийг Энэтхэгийн ААН-үүдээс авах заалттай. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулахаар болсон. Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүнд: 

  • Дизель түлш 824 мянган/тонн
  • Бензин 339 мянган/тонн
  • Онгоцны түлш 80 мянган/тонн
  • МАЗУТ 47 мянган/тонн
  • ЭлПиЖи 43 мянган/тонн зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр багтсан. 

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангана. Мөн 550 гаруй шууд ажлын байрыг бий болгох юм. 

Манай улсын газрын тосны хайгуулын салбарт Сингапурын гурав, БНХАУ-ын гурав, Хонконгийн нэг, Австралийн гурван, Кэймны арлын нэг компани хөрөнгө оруулалт хийсэн байна. Монголын нийт газар нутгийн 36.1 хувьд хайгуулын ажлыг эхлүүлсэн. Үүнээс 0.08 орчим хувь нь зөвхөн ашиглалтын талбай болж байгаа юм. 

Газрын тосны илрэлтэй, нөөц тогтоогдох боломжтой талбайг ангилсан. Үүнд: 

  • Тариач XV- хайгуулын 21 цооног өрөмдөж, таван цооногт тосны, хоёр цооногт хийн шинж тэмдэг илэрсэн. 
  • Галба XI- 14 цооногт газрын тос илэрсэн. 
  • Ар булаг XXIX- нэг цооногт илэрсэн. 
  • Давст XXXI- Хайгуулын ажлын гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. 
  • Баянтүмэн XVII- Орон нутгийн эсэргүүцлийн улмаас үйл ажиллагаа түр зогссон
  • Хөхнуур XVII- дөрвөн цооногт газрын тос илэрсэн. 

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 93 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас импортоор авдаг. Одоогоор нэг тонн АИ 92 бензинийг 705 ам.доллароор, Дизель түлшийг 897 ам.доллароор худалдан авч байгаа.

Газрын тосны бүтээгдэхүүний үнэд валютын ханш, газрын тосны үнэ хоёр шууд хамааралтай байдаг. Мөн манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр 10 хувиар нэмэгддэг.

АИ 92 шатахууныг ОХУ 1,844 төгрөг, БНХАУ 2,707 төгрөг, Монгол 2,390 төгрөгөөр хэрэглэж байна. Харин дизель түлшийг ОХУ 2,217 төгрөг, БНХАУ 3,439 төгрөг, Монгол 3,490 төгрөгөөр хэрэглэдэг.

Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ:

  • баруун бүс 120 мянган тонн,
  • ханган бүс 80 мянган тонн,
  • төвийн бүс нэг сая тонн,
  • говийн бүс 700 мянган тонн,
  • зүүн бүс 100 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа

Тиймээс бид газрын тосны хайгуул болон ашиглалтын үйл ажиллагааг маш яаралтай эрчимжүүлэх хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангаж байх шаардлагатай. Засгийн газраас бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулдаг. Гэвч хайгуулын ажил эрхэлж буй ААН-үүд орон нутаг, ТББ-ын эсэргүүцэлтэй байнга тулж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *