D-Parliament цахим хуудсаар санал авч, хууль хэлэлцэх гэж байгааг зарим иргэний нийгмийн байгууллагууд буруушаав

0

УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрчээ. Энэ тоонд хүрч, иргэдийн дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой хэмээн УИХ-ын тамгын газраас мэдэгдэж буй.

Үүнтэй зэрэгцэн petition.parliament.mn цахим системд иргэн Ү.Баярын зүгээс Ипотекийн найман хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх санал асуулгыг эхлүүлсэн байна. Хэрвээ 30 хоногийн дотор 100.000 мянган хүн саналаа өгвөл уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх аж.

Энэхүү үйлдлийг зарим иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж эхэлжээ.

Тухайлбал, Нийтийн эрхийн өмгөөлөл сүлжээ, Захиргааны шинэ санаачлага ТББ, Хүртээмжтэй хөгжил хүрээлэн ТББ, Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн, Эко сэтгүүлчдийн сүлжээ зэрэг байгууллагуудаас D-Parliament цахим хуудас бол дарга нарт биш харин иргэдэд зориулж хуулийн төслийн ба бусад санаачилга гаргах, оролцоог хангах зорилготой “иргэний орон зай” гэдгийг хуулиар баталгаажуулсан хэмээн эсэргүүцэв. 

Тэд D-Parliament цахим хуудсанд НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын Даргын зүгээс байршуулсныг буруушаан эсэргүүцэж байна хэмээжээ.

Улмаар Улсын Их Хурлын Дарга та өөрийн үйлдлээрээ Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудыг зөрчиж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 391.1 дүгээр зүйлд “Монголын ард түмэн түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид “цахим хуудас” гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын Дарга та иргэний нэрээр санал гаргаж, төрийн өндөр албан тушаалтны нэр нөлөөгөө ашиглан сурталчилж, өөрөө удирдаж, өөрийн саналаа УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *