ЭЗБХ: Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.10.26) хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн.
Үргэлжлүүлэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. Төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. Хуралдаан төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Өнөрболор, Х.Ганхуяг нар тодруулга хийж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд санал гаргах шаардлагагүй хэмээн үзлээ. “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. Төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн. “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг хоёр санал гаргаж, уг саналуудаа тайлбарласан. Ипотекийн зээлийн 60 хувийг орон нутагт олгох агуулга бүхий Ц.Цэрэнпунцаг гишүүний гаргасан саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлж, тодруулга хийсэн. Ийнхүү хэлэлцсэний дараа дээрх саналуудыг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан гаргасан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал саналаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн. Байнгын хорооны хуралдаан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Ийнхүү Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтүүдээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.