Бонд төлөгдөж Банк цэгцрэв

0

“Хөгжлийн банкны хэрэг” гэж сүүлийн нэг жил нийтээрээ шуугьж, бас ч гэж олон асуудал шийджээ. Санхүүгийн хувьд өвчлөөд байсан, цаашид оршин тогтнох аргагүй болчихсон байсан байгууллагыг нэг жилд ямартай ч сэхээнээс нь гаргаж чадсан байна. Өмнөх алдаагаа засаж, банкны бизнес модель, засаглал дээр гарч болох олон өө сэв, дутагдлыг ч олж таньсан байх.


Монголчууд анх 2012 онд “Бонд” гэдэг гоё үгтэй танилцав. Товчхондоо өрийн бичиг юм. Ингээд анх 2012 онд “Төсөл хөтөлбөр санхүүжүүлэх” зорилгоор 1 тэрбум ам.долларын 4-5 хувийн хүүтэй бонд /хар ухаанаар зээлсэн мөнгөө 4-5 хувийн хүүтэй буцааж төлнө/ буюу өрийн бичиг гаргаж түүнийгээ “Чингис бонд” хэмээв. Чингис бондын мөнгө яасан эсэх нь нэлээд улс төржсөн асуудал. Харин үүний дараа зөвхөн төсвийн алдагдал нөхөх зорилгоор 2015 онд 7 хувийн хүүтэй 1 тэрбум юаний “Димсам” бонд, 2016 онд 500 сая долларын 10,8 хувийн хүүтэй “Мазаалай” бонд, 250 сая долларын Кредит Свисс банкны “синдикат зээл” хүү LIBOR нийлээд бас л 10 орчим хувь өрийн бичиг гаргажээ. Хар арифметикээр тооцвол 2.4 тэрбум долларын өр тавьсан гэсэн үг, шинэ өр тавих бүртээ хүү нь өсөж, төлөх хугацаа нь богиноссон хатуу нөхцөлтэй. Харин үүний дараагаар энэ тавьсан өрүүдээ дарах гэж “өрийн менежмент” гэсэн мэргэжлийн үг хэллэгтэй, нэг ёсондоо “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” процесс хөвөрч 2017 онд 600 сая долларын “Хуралдай” бонд, 800 сая долларын “Гэрэгэ” бонд, 2020 онд 600 сая долларын “Номад” бонд гаргаж “дахин санхүүжилт” буюу өрийг өрөөр дарав. Харин 2021 оноос л толгой эргэм энэ олон бондуудын өрийг бэлэн төлж эхэлсэн, тодруулбал 200 сая долларын төлөлт “Мазаалай” бонд, “Кредит Свисс” зээл зэрэгт шууд бэлнээр улсын төсвөөс төлжээ. 

Гадаад бонд гаргаж буй хоёр субъект байгаа нь үндсэндээ Засгийн газар ба Монгол улсын хөгжлийн банк. Хөгжлийн банк нь 2012 онд 600 сая ам.долларын Евро бонд гаргаж дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байдаг. Үүнд зам тээвэр, жижиг дунд үйлдвэрлэл, барилгын салбарын төслүүд багтсан. Дараа нь 2013 онд 30 тэрбум иений “Самурай” бонд, 2018 онд 500 сая ам.долларын “Евро” бонд гаргажээ. Улс орон хэдий муу байлаа ч Засгийн газар гэдэг ямар ч хувийн хэвшлээс илүү тогтвортой зээлдэгчид тооцогдох учир гадны хөрөнгө оруулагчид Засгийн газар болон түүний баталгаатай тухайн улсын “Хөгжлийн банк”-ны бонд авахдаа дуртай. Эдгээр бондуудын ихэнх нь бас л “дахин санхүүжилт”-д зарцуулагдсан байдаг. Ингэж өмнөх өр төлбөрөө төлөхөд зарцуулсан 500 сая ам.долларын Евро бондын эргэн төрөлтийг 2023 оны 10-р сард хүүгийнх нь хамт бэлнээр төлжээ. Товчхондоо Монголбанкнаас доллар худалдаж авч, түүнийгээ гадагшаа төлсөн гэсэн үг. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Хөгжлийн банк нь өр төлүүлэх улс төрийн маягийн акц хийсээр, нэг ёсондоо “капитал засвар”-т орж, гэр орноо нэг цэгцэлжээ. Хөгжлийн банкны үндсэн үйл ажиллагаа нь гаднаас хямд хүүтэй зээл авч, түүнийгээ дотоодын хувийн хэвшил дийлэхээргүй хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх явдал байдаг. Энэ онд өөрийн эх үүсвэрээр гадаад өрийг төлж барагдуулснаар цаашид зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, гадны хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэх сайн талтай.

“Хөгжлийн банкны хэрэг” гэж сүүлийн нэг жил нийтээрээ шуугьж, бас ч гэж олон асуудал шийджээ. Санхүүгийн хувьд өвчлөөд байсан, цаашид оршин тогтнох аргагүй болчихсон байсан байгууллагыг нэг жилд ямартай ч сэхээнээс нь гаргаж чадсан байна. Өмнөх алдаагаа засаж, банкны бизнес модель, засаглал дээр гарч болох олон өө сэв, дутагдлыг ч олж таньсан байх. Өр төлбөрөө дарж, засаглал, хууль зүйн орчноо сайжруулснаар Хөгжлийн банк сонгодог утгаараа ажиллах, эдийн засгийн хөгжлийг дэмжигч хөдөлгүүрийн үүргээ биелүүлэх, гаднаас хөрөнгө оруулалт босгож томоохон төслүүдэд санхүүжилт олгох үндсэн ажиллагаандаа шилжих цаг иржээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *