Б.Пүрэвдорж: Тэтгэврээ долоон жилээр тогтоолгосон 58 мянган ахмадыг хохиролгүй болго
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон 58 мянган ахмадыг хохиролгүй болгож өгөх шаардлагыг тавилаа.
Тэрээр “Долдугаар сард Нийгмийн даатгалын багц хуулийг баталж, долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоосон байсныг таван жил болгож, зөв болгосон. Энэ хууль ирэх оноос хэрэгжинэ. Энэ хуулийн дагуу 2018-2023 оны хооронд зургаа болон долоон жилийн цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүс нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврээ дахин таван жилээр бодуулж зөв болгох ёстой. Төрийн буруу бодлогоос болж таван жилийн хугацаанд тэтгэврээ долоон жилээр тооцуулсан 58 мянган ахмад хохирох ёсгүй. Энэ хохирлыг барагдуулахад 93 тэрбум төгрөг буюу нэг хүнд ойролцоогоор 1.6 сая төгрөгийн нөхөн олговрыг олгох тооцооллыг НДЕГ-ын мэргэжилтнүүд хийсэн байна. Гэтэл Нийгмийн даатгалын багц хууль батлахдаа нөхөн олговор олгохооргүй заасан. Тийм учраас 2024 оны Нийгмийн Даатгалын Сангийн төсвийн тухай хууль дээр энэ 93 тэрбум төгрөгийг суурилуулан ахмадуудыг гомдолгүй болгох зайлшгүй шаардлагатай. Хөшөө дурсгалд мөнгө зарцуулахын оронд амьд бурхад болсон ахмадуудын гомдлыг тайлах үүднээс энэ 93 тэрбум төгрөгийг 2024 оны төсөв дээр заавал тавьж өг гэж шаардаж байна. 58 мянган ахмадын өмнөөс шаардаж байна. Хэрэв төсөв дээр тавихгүй бол орон даяар 58 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, шаардлага хүргүүлнэ. Болохгүй бол 2024 оны сонгуулиар Ардчилсан нам ялахаараа ахмадуудаа гомдолгүй болгоно” гэлээ.