300 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх хагас коксжсон түлшний үйлдвэрийн төсөлд барих зөвшөөрөл олгогдоогүй
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас хагас коксжсон түлшний үйлдвэрийн төслийн талаар тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Тус асуудалд хоёр өөр ойлголт байгаа. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс Тавантолгой компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгчийн тавьсан тайланд коксын үйлдвэрийн талаар дурдсан байсан.
Тодруулбал, Тавантолгой түлш компани өөрсдөө төслөө боловсруулаад “Эрдэнэс Тавантолгой” компани зөвшөөрлийг өгч, зүүн үйлдвэр буюу Налайх дүүргийн үйлдвэр дээр нүүрсээ угаах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 40 орчим тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Бүрэн Эрхт Төлөөлөгч зогсоох шийдвэр гаргасан байна.
Харин нөгөө нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж байсан, өмнө нь Эрдэнэс Тавантолгой компани дээр төсөл нь хэрэгжээд зөвшөөрөл авах гээд Засгийн газар болон Орчны бохирдлын үндэсний хороон дээр танилцуулга нь хийгдсэн хагас коксжсон түлшний үйлдвэрийн төсөл бий. 300 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх хагас коксжсон түлшний үйлдвэрийн төсөл санаачилсан ч аль ч шатанд барих зөвшөөрөл олгогдоогүй.
Сүүлд Б.Чойжилсүрэн сайд хувийн хэвшлийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сонгон шалгаруулалт зарлаж, хагас коксжсон түлшний үйлдвэрийг барих нөхцөлийг хангах асуудлыг Засгийн газарт танилцуулсан ч шийдээгүй байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл болон худалдан авах ажиллагааны хуулиар урт удаан хугацаанд хамтарч ажиллах боломж байхгүй. Төр, хувийн хэвшил гурван жил хүртэл хугацаанд хамтарч ажиллах боломжтой учир энэ богино хугацаанд 300 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшил байхгүй байна.
Цаашид төр, хувийн хэвшлийн урт хугацаанд хамтран ажиллах хууль эрхзүйн орчинд нь бий болгоё гэж байгаа. Тухайлбал, жил бүр хотын төсөвт цэвэрлэгээ, арчилгааны бага мөнгө тавигддаг. Гэвч бага хэмжээний хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг авч, цэвэрлэгээнд ашиглах боломж бүрдэхгүй байгаа юм. Үүнийг худалдан авалтын хууль, төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиараа зохицуулж өгөх ёстой гэв.