“Хоногт 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа судлагааны дүн бий”

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Энэ үеэр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд болон Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

“Петровис” ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг “Бид түгжрэлийн судалгааг хийж үзэхэд хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар.

Нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Үүнийг шийдэхээр ажиллаж байгааг сонслоо. Түгжрэлийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлох нь чухал. Бид судалгаагаа хуваалцахад бэлэн. Агаарын бохирдлын хувьд шатахууны чанарт анхаарах хэрэгтэй. Дэлхий нийтээр Евро-5 шатахуун руу шилжсэн. Дизель түлшний хүхрийн хэмжээ Евро-5 шатахуунтай харьцуулахад 500 дахин их байна. Шатахууны чанарт анхаарвал агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн” гэв.

“UBCab” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээний салбарт Улаанбаатар хот бодлогогүй явж ирсэн. Би энэ салбарт 7-8 жил ажиллаж байна. Манайх 38 мянган жолоочтой. Өдөрт 50-60 жолооч нэмэгддэг. Такси үйлчилгээ бүртгэлтэй, нэгдсэн зохион байгуулалтад орох ёстой.

Техник технологи хөгжихийн хэрээр нэг таксинд нэг хүн суугаад явахаас илүү хуваалцах хэрэгцээ нэмэгдэж, нэг хотхон, бүсэд амьдарч байгаа хүмүүс энэ үйлчилгээг хуваалцдаг болсон. Бид энэ хүрээнд Замын үйлчилгээний журам боловсруулж ЗТХЯ-д хүргүүлсэн” гэлээ.

Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч  А.Ганхуяг “Такси үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй байгаа нь үнэн. Нэг жишээ дурдахад, энэ зун л гэхэд “Оюу толгой” ХХК-д ажилладаг 17 хүн 2.5-3.5 сая төгрөгийн цалингаасаа татгалзаж, “Таксинд явна” гэх шалтгаанаар ажлаасаа гарсан байна.

“Таксинд хоёр долоо хоног явахад 2.5-3 сая төгрөгийн орлого олж байхад тэр хол явж ажиллаад яах вэ” гэсэн хариулт хэлж байх жишээтэй. Улсдаа баялаг бүтээх ёстой хүмүүс замын түгжрэлд хувь нэмэр оруулж, таксинд явж байгаа гэсэн үг. Гол нь бид дата, судалгаанд тулгуурлан, асуудлыг цогцоор нь харж, шийдэл гаргах хэрэгтэй” хэмээлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *