Жилд нэг тэрбум гаруй тонн нүүрс олборлож буй Ордос хотын нүүрсний уурхайн аж үйлдвэржилтийн ТУРШЛАГА

0

Манай улс нийт 32.7 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. 2023 оны эхний 11 сарын байдлаар 60 сая тонн нүүрс урд хөрш рүү экспортолж дээд амжилт тогтоолоо. Одоогоор нүүрсээ зөвхөн олборлоод түүхийгээр нь зарж төсвийн орлогынхоо тодорхой хувийг бүрдүүлж байна. Байгалийн баялгаа түүхийгээр нь хямд үнээр зардаг бус дотооддоо шингээдэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар төр засгаас яриад удаж байна.

Зөвхөн нүүрсээ түшиглээд эдийн засгаа хөгжүүлж чадсан нутаг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ордос хот аж. Одоогоос 30 гаруй жилийн өмнө зөвхөн малчид амьдарч байсан газрыг томоохон аж үйлдвэржилтийн хот болгож чадсан зүйл нь нүүрс. Тиймээс уг нийтлэлдээ манай улс шиг нүүрсний арвин баялагтай Ордос хотын аж үйлдвэржилтийн талаар танилцуулах болно. 

БНХАУ жилд ойролцоогоор дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг байна. Үүний нэг тэрбум гаруй тонныг Ордосын нүүрсний уурхайнууд хангадаг аж. Тус хот 774 мянган хүн амтай. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний дүн нь 2022 оны байдлаар 35,000 ам.долларт хүрчээ. 20 жилийн хугацаанд хүн ам болон дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн хэмжээ хурдацтай өссөн байна. Харин манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоогоор 5,000 ам.доллар байгаа. 

Ордос хотын нүүрсний салбарт чухал байр суурийг эзэлдэг хоёр групп бол “И-тай”, “Хуй Нэн” юм. Тус хоёр групп нь нүүрс олборлолтдоо шинэ технологи нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн парк байгуулж чадсан нь сонирхол татлаа. 

Хуй Нэн групп нь 2001 онд байгуулагдсан. Одоогоор 12 мянган ажилтантай. Нүүрс, эрчим хүч, химийн үйлдвэрлэл, шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Жилд 90 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Нийт 18 уурхайтай, 500 км урт кабелаар дамжуулан бүх уурхайн мэдээллийг Ордос хот дахь төв байрандаа хүлээн авдаг аж. 

Тус хоёр группийн ил болон далд 2-3 нүүрсний уурхайтай танилцсан юм. Уурхай бүр өөрийн гэсэн технологийн онцлогтой. Гэхдээ манай улсын нүүрсний уурхайнууд туршлага судалж болохоор зүйлс байсныг доорх хэсгүүдэд өгүүлье.

 Нүүрсний ордыг түшиглэсэн аж үйлдвэржилт

Аж үйлдвэрийн парк байгуулахад хамгийн чухал нь дэд бүтэц.Ордосын уурхайнууд хурдны авто замтайгаа холбогдсон учраас нүүрсээ төмөр зам хүртэл том оврын автомашинаар зөөдөг.

Нүүрсний ил болон далд уурхайнууд нь том үйлдвэр, барилгуудыг цогцоор нь багтаасан цэвэрхэн орчинд үйл ажиллагаа явуулж харагдана. Тухайлбал уурхай бүр агуулах, дулааны цахилгаан станц, өндөр хүчин чадалтай баяжуулах үйлдвэр, ачилтын систем, ажилчдын орон байр, ногоон орчин, удирдлагын байр гэх мэт томоохон аж үйлдвэржилтийг бий болгожээ.

Удирдлагын байр нь нүүрс олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн болж гарах хүртэлх бүхий л үйл ажиллагааг маш нарийн хянадаг. Жишээлбэл “Хуй Нэн” группийн нэг тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Арлинту” гүний уурхайн 517 га үйлдвэржилтийн талбай нь бүхэлдээ интернэтэд холбогджээ. Тиймээс бүх үйл ажиллагаагаа 24 цагийн шууд бичлэгээр нарийн хянаж, тоног төхөөрөмжийн мэдээллийг минут тутамд хүлээн авч байдаг аж. 

Ямар ч уурхай байсан гүний ус ашигладаггүй

Газрын гүнд олборлосон нүүрсийг налуу, босоо гэсэн тус бүр хоёр амаар гаргаж ирдэг байна. 350 метрийн гүндэх нүүрсийг буталж буй төхөөрөмжийг удирдлагын байрнаас автоматаар удирддаг. Мөн нүүрсийг хэрхэн буталж байгааг нь шууд дүрс бичлэгээр хардаг аж. Тиймээс ямар нэгэн гэмтэл, осол гарвал шуурхай илрүүлж засах боломжтой. Гүний уурхай дахь бүх тоног төхөөрөмжүүд автоматажсан бөгөөд ажилчид нь зөвхөн хянах үүрэгтэй. 

Уурхайн олборлолт, тээвэрлэлт, усны аюул, тоосжилт, байгаль орчны бохирдол, тоног төхөөрөмжийн бүтэн байдал зэргийг мэдээлэл дамжуулах кабелаар хянадаг. Ингэснээр урьдчилан сэргийлэлт болон аюулт дохиог өгөх боломжтой юм. 

“Хуй Нэн” групп тус гүний уурхайн барилга угсралтын ажлыг 2014 онд эхлүүлж, 2018 онд дуусгажээ. Дөрвөн жилийн хугацаанд долоон тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар 42 жил ашиглах нүүрсний гүний уурхайтай болсон нь энэ ажээ.

“Нүүрсээ ачихын өмнө жолоочид машин дотроосоо тусгай код уншуулж ямар ширхэгтийн хэмжээтэй, хэдэн тонн нүүрс авах захиалгаа өгнө”

Олборлож гарч ирсэн нүүрс хүний оролцоогүйгээр шууд баяжуулах үйлдвэр рүү битүү туузан дамжуургын системээр дамжуулагддаг. Баяжуулах үйлдвэрээс гарч буй илчлэг өндөр, үнслэг чанар нь буурсан сайн чанарын нүүрсийг агуулах руу мөн адил битүү туузан дамжуургын системээр явуулна. Баяжуулагдсан нүүрс агуулах руу орох үедээ ширхэгтийн хэмжээгээрээ тус тусдаа ангилагдана. Хэрэглэгчдийн хүсэлтээс хамаарч нүүрсний ширхэгтийн хэмжээг янз бүрээр ангилж болох юм.

Дараа нь том оврын автомашинууд агуулахын доор байрлах нүүрс ачих хоолойн хажууд ирнэ. Жолооч бүр гар утсан дээрээ аппликэйшн суулгасан байна. Нүүрсээ ачихын өмнө машин дотроосоо тусгай код уншуулж ямар ширхэгтийн хэмжээтэй, хэдэн тонн нүүрс авах захиалгаа өгнө. Тус захиалгыг ачилтын систем хүлээн авч, жолоочийг ирэх үед 1-2 минутын дотор захиалсан ширхэгтийн хэмжээгээр нь нүүрсийг ачиж өгөөд явуулдаг. 

Олборлолт явуулаагүй сул газар бүрд нарс мод тарих хэрэгтэй. Хэдэн мянган жилийн дараа аглаг сайхан ой болно хэмээн үздэг

Өдөрт дунджаар 1,000 гаруй том оврын автомашин 30,000 тонн нүүрсийг дээрх аргаар хүлээн авч төмөр зам руу хүргэдэг байна. Энэ процесс нь ямар нэгэн байдлаар хүн оролцоогүй. Зөвхөн жолооч өөрийн гар утсаараа захиалгаа өгөхөд л хангалттай юм. Нүүрс тээвэрлэж буй том оврын автомашинууд засмал замаар явахдаа маш сайн битүүмжилнэ. Хэрэв нүүрсний ширхэг салхинд хийсвэл тухайн жолооч торгуулдаг байна. 

“Арлинту” гүний уурхай нь баяжуулсан болон түүхий нүүрсээ өөрсдийн хөгжүүлсэн биржээрээ зардаг. Ингэснээр ямар нэгэн байдлаар үйлдвэрээс гарсан нүүрсний тоо дутах, хулгай гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрджээ. Жолоочид ч гэсэн өөрт нь ямар ширхэгтийн хэмжээтэй нүүрс хийж өгснийг ачилтын явцад том дэлгэцээр хянадаг байна. 

Мөн “И-Тай” группийн “И Тай Ши Инг Зи” нүүрсний туслах терминалтай хэсэгхэн зуур танилцлаа. Ил болон далд уурхайгаас гарч буй нүүрсийг төмөр замаар тээвэрлэхийн тулд 317 мянган тонны багтаамжтай агуулахад буулгадаг байна. Нүүрс ачиж ирсэн том оврын автомашинуудаас тоосжилт их гардаг. Тиймээс автомашинуудын зогсоолын талбайн тоосыг 20 минут тутамд тусгай зориулалтын машинаар соруулж авч байв. 

Том оврын машинууд ачиж ирсэн нүүрсээ шигшүүр рүү шууд буулгана. Тухайн шигшүүр нүүрсний ширхэгтийн хэмжээнээс нь хамаарч агуулах руу урт замаар тээвэрлэдэг. Дараа нь төмөр замын чингэлэгт тоо ширхэгтийн хэмжээгээр нь ачиж өгснөөр эцсийн хэрэглэгчийн гарт хүрэх аж. Тус терминал нь өдөрт 130,000 тонн нүүрсийг агуулахдаа хадгалж, цааш нь түгээдэг байна.

“И Тай Групп” ХХК нь 69 охин компанийг удирдан чиглүүлдэг бөгөөд нийт 100 гаруй тэрбум юанийн хөрөнгөтэй. Жилийн 60 тэрбум юанийг борлуулалтаасаа олдог. Мөн жилд 60 сая тонн эрчим хүчний нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий есөн нүүрсний орд газартай. Өнгөрсөн онд 100 сая гаруй тонн нүүрсийг борлуулсан байна. 

Бүрэн автоматажсан 660 мВт-ын нүүрсний цахилгаан станц

“Хуй Нэн” группийн нэгэн том аж үйлдвэржилт бол ил уурхайг түшиглэсэн 660 мВт-ын дулааны хоёр цахилгаан станц юм. “Жантань” гэх нүүрсний ил уурхайгаас гарсан илчлэг багатай нүүрсийг баяжуулаад 660 мВт-ын дулааны цахилгаан станцад нийлүүлдэг байна. Тус цахилгаан станц нь Өвөр Монголын төвийн цахилгаан шугам сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. 

Тус групп нь хоёр жилийн дотор 660 мВт-ын хоёр дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсан байна. Ордосын уурхайнууд төв удирдлагын байрнаасаа үйлдвэрийн бүсийн хяналтыг маш сайн явуулдаг.

Замын нэг талд ил уурхай, нөгөө талд нь цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, оффис болон ажилчдын байраа барьсан харагдана. Ил уурхайгаас олборлосон нүүрсийг газар доогуур урт шугамаар дамжуулж нөөц сав руу орно. Дараа нь баяжуулах үйлдвэр болон цахилгаан станц руу нийлүүлэгддэг. Ингэснээр цахилгаан үйлдвэрлэгддэг байна.

Мөн ил уурхайгаас гарсан нүүрсийг баяжуулаад зарах шат дамжлагатай гэв

Нүүрсний цахилгаан станцын барилга болон баяжуулах ордын машины зогсоолын дээр 16 мянган метр квадрат бүхий хоёр мегаваттын цахилгаан гаргах хүчин чадалтай нарны хавтан суурилуулж өгчээ. Тус нарны хавтан нь өдөр 7,000 кВт.цаг, жилд гурван сая кВт цагийн эрчим хүч үйлдвэрлэдэг байна. 

Тус хавтангуудыг үйлдвэрлэж буй эрчим хүчний нэг кВт цагийн төлбөр нь 200 төгрөг. Үүнийг уурхайдаа ашигласнаар жилд таван сая юанийн үнэ бүхий эрчим хүчийг хэмнэжээ. Зөвхөн өдрийн цагаар ашигладаг. Нарны хавтангуудыг хооронд нь холбоод 360 кВт-ын трансформатораар цахилгаан дамжуулж хэрэглэдэг аж. 

Тухайн аж үйлдвэрийн цогцолбортоо нарны хавтангуудыг суурилуулахын тулд 10 сая юанийг зарцуулсан. Одоогоор ашиглаад нэг жил болсон бөгөөд хоёр жилийн дотор өртгөө нөхөх аж.

Хятадад ажиллаж буй нүүрсний цахилгаан станцууд байгаль орчинд нөлөө үзүүлэх магадлал бүхий азот, хүхрийн давхар исэл, тоос шороог хянах стандарттай. Тиймээс станцын ажилтнууд цаг тутамд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг удирдлагын төвөөсөө хянадаг. 

“Жантань” цахилгаан станц нь нэг литр ч хаягдал усыг үйлдвэрийн талбайгаас гаргадаггүй. Харин бохирдол усыг цэвэршүүлээд ногоон байгууламждаа ашигладаг аж. 660 мВт-ын нүүрсний цахилгаан станц нь нэг цагт 10 тонн ус ашигладаг байна. 

зураг

Хамгийн сонирхолтой нь нүүрсний цахилгаан станцдаа ашиглаж буй усыг химийн аргаар цэвэршүүлэх үйлдвэрийнхээ хяналтын хэсгийг дээрх роботоор удирдуулдаг байна. Тухайн робот нь 15 хүний ажлыг хийдэг. Өөрийгөө цэнэглэж, тоон мэдээллээ ямар ч алдаагүй явуулах чадвартай юм. 

“Нүүрс эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ хүний нүдэнд харагдах ёсгүй”

Ордос хотын уурхайнуудад очиход нүүрс гэх зүйл харагдахгүй. Учир нь БНХАУ-ын төрөөс нүүрсийг олборлохоос эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл бодитоор харагдахгүй битүү орчинд явуулах шаардлага баримталдаг аж. Мөн дижитал, ногоон уурхай болох зорилтыг өдөр тутмын ажилдаа заавал баримталж байх ёстой талаар “Хуй Нэн” группийн дулааны цахилгаан станцын инженер Б.Хосбаяр ярьж байв. 

Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлт хийх, бохирдлоос сайтар сэргийлэх шаардлагатай. Ил уурхайнуудын тоосжилт харьцангуй бага. Жишээлбэл “Хуй Нэн” группийн “Чэнта” гэх уурхай нь өдөрт 6,500 тонн усыг олборлолтын талбайд цацаж тоосжилтыг бууруулдаг байна.

Нөхөн сэргээлтийн ажлыг хөрс хуулалт дууссаны дараа, нүүрс олборлолт явагдах үеэр эхлүүлдэг. Нарийн ажиглавал хөрс хуулалтаас гарсан овоолготой шороон дээр моднууд тарьсан харагдана. Заавал уурхайн ажил дууссаны дараа бус эхнээс нь нөхөн сэргээгээд явах ёстой хэмээн БНХАУ-ын холбогдох хуульд заасан байдаг аж. 

Ихэнх үйлдвэр талбайдаа мод тарьсан харагдана. Ер нь олборлолт явуулаагүй сул газар бүрд нарс мод тарих хэрэгтэй. Хэдэн мянган жилийн дараа аглаг сайхан ой болно хэмээн үздэг байна. 

Нүүрсний уурхайд хамгийн хэрэгтэй зүйл нь ус. Тоосжилт багатай, цэвэрхэн, байгальд сөрөг нөлөөгүй үйлдвэржилт явуулж буй гол нууц нь ус их хэмжээгээр ашигладаг хэмээн ярьж байв. Мөн ямар ч уурхай байсан гүний ус ашигладаггүй. Хэрэв гүний ус ашиглавал хатуу торгууль ногдуулдаг ажээ. Тиймээс саарал ус, борооны болон үерийн ус тосох, хиймэл нуурын аргаар уурхайн усаа хангадаг. Гэхдээ ихэнх уурхай Шар мөрнөөс усаа авдаг хэмээн “Чэнта” гэх уурхайн дарга ярьж байлаа. 

Эх сурвалж:ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *