Сурагчид Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн ахлах ангийн сурагчид Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танилцлаа.
Улсын дээд шүүхийн чиг үүрэг, шүүх, шүүгчийн үйл ажиллагааг танилцуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжил сонголтод нь туслах зорилготой тус арга хэмжээний үеэр шүүгч, ажилтнууд ажлаа танилцуулж, сурагчдын асуултад хариулж, ярилцсан юм.
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг шүүгчээр ажиллах шалгуур, ажлын онцлог болон эрүү, иргэн, захиргааны шүүхийн чиг үүрэг, ялгаа зэрэг сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа. Шүүгчийн ажлын давуу тал, ажлын ачаалал, танхимын тэргүүн болох шалгуур юу болохыг сурагчид тодруулж, сэтгэгдлээ хэлж байв.
“Шударга шүүхээр шүүлгэх эрх” сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт сурагчдад мэдээлэл хийхдээ шүүхэд хандах, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль зүйн туслалцаа авах эрхийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Шүүхийн ил тод нээлттэй байдал, мэдээлэл авах, Улсын дээд шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хэрэг хуваарилах үйл явцтай холбоотой асуудлаар Улсын дээд шүүхийн холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Сурагчдын төлөөлөл шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажлын талаар мэдээлэлтэй болсноо онцолж, мэргэжлээ сонгоход ач холбогдолтой мэдээлэл авснаа илэрхийлж байв.