Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа

0

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аюулгүй хотын төлөө: Эмэгтэйчүүд хамтдаа” чуулга уулзалтыг нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчидтэй хамтран зохион байгууллаа. 

Чуулга уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Иймд Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай цэгүүдэд камержуулалтыг хийж, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бид бүх шатанд хамтран ажиллаж, шийдвэрлэх хэрэгтэй. Дэлхийн томоохон хотууд камержуулах нэгдсэн системтэй бөгөөд энэ нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Иймд өнөөдрийн уулзалтаас камержуулалт, гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн зөвлөмж гаргаж байна. Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, дүүрэг болон холбогдох харъя байгууллагуудад хүргэнэ. Мөн удахгүй Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан камержуулалтын төсвийг дэмжиж батлуулахад анхаарч ажиллана” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Аюулгүй хотын хамгийн чухал асуудал бол камерын нэгдсэн систем юм. Хууль зүй,  Дотоод хэргийн яамны хийсэн ТЭЗҮ-ээр нийслэлд 33,000 камер шаардлагатай. Энэ дагуу нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гаргасан санаачилгын хүрээнд 2024 оны нийслэлийн төсөвт 80 тэрбум төгрөгөөр камерын нэгдсэн системийг байгуулахаар төсвийн саналаа нийслэлийн ИТХ-д бид хүргүүлсэн. Төсөв батлагдвал хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн систем байгуулна. Бид дэлхийн хотуудад тавигддаг стандарт шаардлагыг хангасан ухаалаг, аюулгүй камерын системийг бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 4751 хяналтын камер байдаг бөгөөд үүнээс хэвийн 1803, гэмтэлтэй 1650, шаардлага хангахгүй 1298 камер байна. “Ногоон бүс” төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 13 хорооны 466 цэгт 1097 камер суурилуулжээ. 

Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил хэргийг шуурхай илрүүлэхэд сайн нөлөө үзүүлж буй. Иймд цаашид гудамж талбайг камержуулах ажлыг ААН, байгууллагын оролцоотой хэрэгжүүлж, “Камерын нэгдсэн хяналттай ухаалаг хот” болгох, камерын нэгдсэн системийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд төр болон бүх шатны байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг  чуулганаар онцолсон юм. Мөн сургууль, цэцэрлэгийн орчин, хүүхэд, гэр бүл хамгаалал, гэмт хэрэг, зөрчил, эрүүл, аюулгүй орчны чиглэлээр сэдэвчилсэн салбар хуралдаан хийж, шат шатны  дээд байгууллагуудад  хандсан зөвлөмжийг чуулганаас гаргалаа.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *