Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Булангийн болон Араб, Исламын орнууд руу экспортлох боломж бүрдлээ

0

Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөр Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлээ хийлгэж, гэрчилгээгээ гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг тавин тус Элчин сайдын яам 2023 онд ажиллалаа. Исламын шашинт орнууд руу махны экспорт хийхэд тавигддаг хамгийн чухал шаардлага бол Халал гэрчилгээ байдаг. Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газрын нэр дээр Халал гэрчилгээг олгох магадлан итгэмжлэлийг хийлгүүлэхээр Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвтэй жил орчмын хугацаанд хамтран ажиллав. Үүний үр дүнд Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөс Халал гэрчилгээний магадлан итгэмжлэл олгож буйгаа арванхоёрдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор мэдэгдэж, гэрчилгээгээ гардууллаа. Тус гэрчилгээ нь 2023-2027 оны хугацаанд хүчинтэй бөгөөд цаашид дахин сунгагдах боломжтой юм.

Ингэснээр Монгол Улсын Стандарт, хэмжилзүйн газраар баталгаажсан, халал стандартыг хангасан монгол мах, махан бүтээгдэхүүн Булангийн болон Араб, Исламын орнууд руу экспортлох үүд хаалга манай хувийн аж ахуйн нэгж, компаниудад нээлттэй болж байна. Кувейтийн мах импортлогчид Монголд 11 дүгээр сард ажиллаж, Монголын аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийн махны үйлдвэрүүдтэй танилцан худалдан авах, нийлүүлэх гэрээгээ байгуулсан. Эхний ээлжийн экспорт 2024 оны нэгдүгээр улиралд багтан хийгдэх төлөвтэй байна гэж Кувейт улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ

Эх сурвалж: Өдрийн сонин

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *