“Баяр баярын дээд, эрхмийн эрхэм гэж Тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх учиртай”
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн өдөр “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн дэглэлээ. Дээрх түүхэн цаг хугацаанд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судар, гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд дэлгэж, нээв.
Харь гүрний 200 гаруй жилийн ноёрхол эрхшээлийг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нь билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 9-ний бэлгэт сайн өдөр байсан бөгөөд өнөө жилийн өвлийн дунд сарын шинийн 9-ний өдөр энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр тохиож буй юм.
Эл өдрийг тохиолдуулан Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалын манлайлагч зүтгэлтнүүд болох Богд хаан, алтан ургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин төрийн мэргэдийн түүхэн гэрэл зураг хийгээд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судрыг дэлгэсэн “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг мөн төр ба шашин гэсэн хоёр жигүүрт хуваан гэрэл зураг, сурвалж бичгүүд, ном судрыг ангилан дэглэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, Төрийн шагналт түүхч, доктор О.Батсайхан “Богд хаан ба Тусгаар тогтнол” илтгэл, Залуу монголч судлаачдын Эрдмийн хэлхээ нийгэмлэгээс “Төр, шашны зүтгэлтнүүд ба Тусгаар тогтнол” илтгэл тавилаа.
Тэрбээр “1909 онд Богд хаан “Монголчуудаа, тэнгэрийн цаг болжээ. Тусгаар тогтнохоос өөр эрхэм зүйл байхгүй. Хэрэв та бүхэн энэ цаг хугацаанд тусгаар тогтнож чадахгүй бол миний найман дүрийг шүтсэний хэрэг эс гарна” гэж хэлсэн байгаа юм. Ийнхүү үндэсний их тэмцлийг удирдан зохион байгуулж, ялалтад хүргэсэн. Тиймээс ч түүнийг бүх нийтээр хүлээн зөвшөөрч, эзэн хаанд өргөмжилсөн ёслол арванхоёрдугаар сарын 29-ны өдөр болсон.
Гаднын болон дотоодын эрдэмтэд бичихдээ харь улсын дарлалаас гарч тусгаар тогтнолоо сэргээсэн нь Монголчуудын “алтан боломж” гэж тэмдэглэсэн байдаг. Манжийн дор байсан субъектүүд одоо тэрбум гаруй хүнтэй Хятадын бүрэлдэхүүнд байгаа. Тэр хүрээллээс гарч чадсан цорын ганц субъект нь монгол. Бид монголоор ярьж, Эзэн Чингис хааныхаа байгуулсан Их Монгол улсын эзэн нь болж оршиж байна. Тусгаар тогтнолоо сэргээснээр бид монголдоо эрх чөлөөтэй, дураараа цэнгэцгээж байгаа юм.
Энэ өдрийг төр засгаас анхаардаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, УИХ-ын шийдвэрээр 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хуульчлан арванхоёрдугаар сарын 29-н бол Тусгаар тогтнолын үндэсний баярын өдөр тул амарна гэж шийдсэн.
Хэрэв өөрийгөө монгол үндэстний нэг хэсэг гэж бодож л байвал тусгаар тогтнолын өдрийг баяр баярын дээд, эрхмийн эрхэм гэж тэмдэглэж байгаарай. Тусгаар тогтнолын баяраар монгол дээлээ өмсөж, монгол хоолоо идэж, бид хэн бэ, үндэстний дархлаа, соёл болсон зүйл нь юу вэ гэдгийг үр хүүхдүүддээ өвлүүлж, уламжлуулах учиртай. Болбол Богд хааны ордон музей, Үндэсний номын сан, Гандантэгчэнлин хийд болон төрийн сүлдэндээ ёсолж, мөргөх хэрэгтэй. Богд хааны Засгийн газраас Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг болон шастир, ноёдын уг эх зэргийг үзэсгэлэнд дэлгэсэн. Ховор нандин зүйлсийг дэлгэсэн учраас баярын өдрөөр хүүхэд, залуус ирж үзвэл зохистой гэж бодож байна.
Бүх сайд, аймаг, сумын засаг дарга нар байгаа газартаа энэ өдрийг тэмдэглэж байх учиртай шүү дээ. Гэвч тэгж хэвшээгүй байна” гэв.
Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар Их Монгол Улсын төрийн дуулал хэмээгддэг “Эртний сайхан” уртын дуугаар үзэсгэлэнг нээв. Мөн Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дуугаар ая барьж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр, Монгол Улсын гурван төр улсын дууг эгшиглүүлсэн юм.
Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний номын сангаас Залуу монголч судлаачдын Эрдмийн хэлхээ нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулжээ. Ирэх хоёрдугаар сарын 23-ныг хүртэл үзэсгэлэн нийтийн хүртээл болно.
Эх сурвалж:gogo.mn