Р.Болд: Хомсдолын үндсэн шалтгаан нь түлш, шатахууны нийлүүлэлтэд төр хөндлөнгөөс оролцож байгаад л оршино
Түүхийн ухааны доктор, судлаач, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Р.Болдтой бензин, шатахууны асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс даяар түлш шатахууны хомсдол үүсч буйн шалтгааны талаар та судлаачийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу. Яг юунаас болж ийм байдалд хүрээд байна гэж та харж байна вэ?
-Манай албаны хүмүүсийн хэлж байгаагаар түлш шатахууны хомсдолд монголчуудын хэрэглээ нэмэгдсэн, ОХУ-д дотоодын хэрэглээгээ хангах нь дайны улмаас хүндрэлтэй болж байгаа зэрэг нь нөлөөлсөн гэдэг нь мэдээж үндэслэлтэй. Гэхдээ энэ бол зөвхөн өнгөний шалтгаан. Хомсдолын үндсэн шалтгаан нь түлш, шатахууны нийлүүлэлтэд төр хөндлөнгөөс оролцож байгаад л оршино доо. Манай албаны хүмүүс Роснефтьтэй АИ-92-ыг 10 хувийн хөнгөлөлттэйгээр удаан хугацаанд авч байх тохироо хийлээ гээд 2022 оноос хойш нэг бус удаа мэдэгдэж ирсэн. Гэхдээ үзүүлж байгаа хөнгөлөлтийн хувь хэмжээ ч багасаад байгаа. Хөнгөлөлтийн хариуд Роснефтийн тавьсан нөхцөлийн дагуу худалдан авах төлбөрийг манай импортлогчид тодорхой хугацааны өмнө урьдчилан 100 хувь хийх болсон. Ингэснээр тус Роснефтиэс өмнө нь зээлээр авч нийлүүлэлтээ хангаж байсан хамтын ажиллагаа үгүй болж, Оросын бусад нийлүүлэгчид зах зээлээс шахагдан, Роснефть манай зах зээлд ноёлох байдалтай болсон байна.
-Ер нь ийм тохироо хэрэгтэй юм уу?
-Анхнаасаа хэрэггүй зүйл байсан. Түлш, шатахууныг төр биш шатахуун түгээх станц ажиллуулдаг хэдэн пүүс л оруулж ирдэг биш бил үү. Тэд л зах зээлийн үнээрээ нийлүүлэгчтэйгээ шууд юм уу эсвэл биржээрээ тохироод л явна биз. Үнэтэй зарах эсэх нь тэдний л асуудал. Тэглээ гээд ард олны амьжиргааны түвшинд нөлөөлөх ч юм уу, мэдэхгүй. Үнэтэй байна гээд машин унахаа болиод л нийтийн тээврээр эсвэл явган л явж таарна биз дээ. Тэглээ гээд иргэн ядуурах юм уу. Харин ч түгжрэл багасч, иргэдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй байх, нэг талаасаа. Түлш, шатахууны асуудалд төр оролцох нэг л асуудал байна. Энэ нь улсын нөөц бүрдүүлэх л явдал. Өөрөөр оролцох шаардлага огт байхгүй.
-УИХ-ын дарга Г.Занданшатар, сайд, дарга нар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй. Шатахууны нөөцтэй бас улсын стратегийн нөөцийн савтай байх хэрэгтэй. Гэтэл нөөцийн савуудаа гадагшаа зарчихсан байдаг. Үүнийг ярьж байгаад санхүүжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Үүнийг та дэмжиж байна гэсэн үг үү?
-Миний санаж байгаагаар Засгийн газраас түлш шатахуун импортлодог аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөц бүрдүүлж байх тогтоолыг 2021 оны сүүлчээр гаргаж, бараг 300 тэрбум төгрөгийг гаргасан.
Гэтэл арилжааны банкууд нөөц бүрдүүлэх хөрөнгийг аж ахуйн нэгжүүдэд зээл болгон тараагаад ер нь аль ч үгүй болгож, салхинд хийсгэсэн дээ. Нөгөө талаар нөөцийг хэрхэн бүрдүүлэхийг нарийвчлан зааж өгөөгүйгээс нөөц гэдэг нь импортлогч компаниудын худалдан авсан бараанаас ялгагдахгүй байна уу даа гэж харагдсан. Уг нь нөөц бүрдүүлэх төрийн шийдвэр зөв байсан ч харин хэрэгжүүлэх арга замыг ийнхүү будилаантуулсан. Ямар яам, тамгын газар, албан тушаалтан уг зөв шийдвэрийг үр дүнгүйдүүлсэнийг нягтлах ёстой байх аа. Засгийн газрын нөөц бүрдүүлэх дээрх шийдвэр бол хэрэглээний нөөцийг л хэлж байх шиг байгаа юм. Монгол Улсын түлш шатахууны сарын хэрэглээ 200-220 мянга орчим л тонн. Харин бүх импортлогчдын түлш шатахуун хадгалах савны багтаамж бараг сая тонн хүрнэ. Иймд тэдэнд нөөц бүрдүүлэх сав хангалттай бий. Г.Занданшатар дарга хэрэглээний нөөц бүрдүүлэх сав суулгыг хэлж байгаа бол энэ нь хувийнханд хангалттай бий гэсэн үг. Санхүүжүүлэх шаардлагагүй. Харин түлш, шатахууны улсын нөөц гэдэг нь онцгой үед хэрэглэх улсын халдашгүй нөөц бүрдүүлэхийг би хэлж байгаа юм шүү. УИХ-ын дарга үүнийг хэлж байгаа бол харин өөр хэрэг. Үндэсний аюулгүй байдлын 1994 оны үзэл баримтлалд түлш шатахууны хоёр сарын импорттой тэнцэх улсын нөөц бүрдүүлэх заалт байсан. Ер нь бол улсын мэдлийн түлш шатахууны халдашгүй нөөц нь улсын халдашгүй ерөнхий нөөц, бас зэвсэгт хүчний халдашгүй нөөц хоёроос л бүрэлдэнэ. Бусдын жишгийг харвал энэ хоёр нөөцийг тодорхой хугацаанд, жишээ нь 2-3 жил болоод нээлттэй тендерээр борлуулж, шинэчлэн сольж байдаг.
-Тэр нь ямар учиртай юм бэ?
-Учир нь чанар муудах, хорогдол зэргээс сэрэмжлэхийн тулд шүү дээ. Гэхдээ энэ нь эргээд газрын тос боловсруулах үйлдвэргүй зарим улс оронд хувийн импортлогчдоо дэмжих нэг хэрэгсэл болж байдаг. Ийм нөөцийг дунд, жижиг улс орны зарим нь бүрдүүлдэг, зарим нь үгүй. Ер нь нөхцөл байдлаасаа л шалтгаалдаг. Манай улсын хувьд түлш, шатахууны халдашгүй нөөцийг бүрдүүлэх зайлшгүй нөхцөл байдалд оршдог улс гэж би хувьдаа үздэг.
-Түлш шатахууны хараат байдлаас гарахын тулд тэгээд яах ёстой юм бэ, бид гучин жилийн турш л ярилаа даа?
-Харин ярьж, ярьж байгаад У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн биз. Энэ бол бодлогын хувьд хараат байдлаа багасгах шийдвэр гэж ойлгох ёстой. Үйлдвэр 2027 онд ашиглалтад орно гэдгийг тооцож Роснефтиэс түлш, шатахууныг тэр хүртэл хөнгөлөлттэй авч байхаар тохиролцсон биз. Гэхдээ л үйлдвэр маань Монголын хэрэгцээг зуун хувь хангаж чадахгүй, хажуугаар нь олон асуудал амьдралаас үүдэн гарна.
-Ямар асуудал гарна гэж…?
-Хориод жилийн өмнө “Оюуны Ундраа” компани газрын тос боловсруулах үйлдвэр барих, оруулж ирэх төсөл гаргаж нэлээд их хөөцөлдөж байсан. Энэ туршлага, жишгийг хувийн хэвшлийнхэн 2027 оныг хүлээлгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай юм даа. Төр, хувийн хэвшил хоёр түншилж, хосолж байж л хараат байдлаас гарна.
-Газрын тосны үйлдвэр гэснээс энэ үйлдвэрийн Дорнодоос татах түүхий эдийг дамжуулах хоолойг Хятадын олон улсын “Норинко” инженерийн компани хариуцан ажилладаг, энэ компанийн талаар их л зүйл дуулдах юм. Та энэ талаар юу хэлэх вэ?
-“Норинко” групп буюу Умардын аж үйлдвэрийн корпораци бол БНХАУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн корпораци л даа. Дэлхийн зэр зэвсгийн зах зээл дээр ширүүн өрсөлдөгч. Жилдээ бараг 20 тэрбум ам.доллароос давсан зэвсэг экспортлодог. Мөн төрөл бүрийн судалгаа болоод өөр юу хийдгийг миний ажиллаж байсан салбарынхан бүгд сайн мэднэ дээ. 1990-ээд оны эцсээс иргэний салбарт идэвхтэй өрсөлдөх болж, олон тооны охин пүүсүүд байгуулагдсан. Учир нь орчин үед аливаа техник, технологи гол төлөв хоёрдмол зориулалтаар хэрэглэгдэх болсонтой холбоотой. Нэг охин пүүс нь Хан-Уул дүүрэгт бил үү дээ, салбараа нээчихсэн их сайхан байгаа юм шиг байна лээ.
“Норинко” бол газрын тосны салбарт хэрэглэдэг техник төхөөрөмжийг үйлдвэрлэх талаар туршлагажсан групп. Гэхдээ дамжуулах хоолой үйлдвэрлэх, тавих талаар туршлагагүй л дээ. Гэвч яах вэ, манайд хийж байгаа “туршилт” нь амжилттай болно гэдэгт бид их найдаж байгаа. Найдахаас ч өөр аргагүй байх.