Төв аймгийн Баянхангай сумын ундны усны суваг бүхий 500 га газарт махны үйлдвэр барихыг эсэргүүцэж байна”
Төв аймгийн Баянхангай сумын малчдын төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэрээ ундны усны суваг бүхий 500 га газарт махны үйлдвэр барих шийдвэрийг эсэргүүцэж буйгаа тэд илэрхийлсэн юм.
Малчдын төлөөлөл “Төв аймгийн Баянхангай сум буюу хуучнаар Атрын сангийн аж ахуйн газар нутгийн 1,200 га газарт махны үйлдвэр барих асуудал хөндөгдөөд нэлээд удлаа.
Үүнийг малчид эсэргүүцэж, өнгөрсөн долдугаар сараас хойш гарын үсэг цуглуулсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, 500 га газарт махны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн байна.
Хэрвээ махны үйлдвэр баригдвал Төв аймгийн Баянхангай сум хэдхэн жилийн дараа малчингүй, малгүй хоцорно. Яагаад гэвэл тухайн газарт хүн, малын ундны ус ойрхон бий.
Урагшаа Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын булаг шандыг тэр чигт нь өмчлөөд авчихсан. Гэтэл одоо Цэгээн нуураас холгүй буюу долоо километр зайтай газарт 500 га талбай олгохоор шийдвэрлэж байна.
Махны үйлдвэр барих гэж буй тухайн газар доор нуурын усны суваг бий. Энэ сувгийг тасална гэсэн үг. Усгүй болох эрсдэл байгаа учраас малчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа” хэмээв.
Баянхангай сумын малчин н.Батжаргал хэлэхдээ “500 га газар чинь хашааны газар биш. Махны үйлдвэр барьчихвал тэндээс гарах хог хаягдал, бохир, өмхий үнэрийг зохицуулахад хэцүү.
Иргэдийн хурлын дарга, Засаг дарга тэргүүтэй таван хүний гарын үсгээр 500 га газрыг зарж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэр хавьд 12 худаг барина гэсэн. Ингэснээр байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж, усны гол суваг бохирдоно” гэлээ.