Ричард Л.Буанган: Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс

0

АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буангантай ярилцлаа.


-Та Монгол Улсад Элчин сайдаар ирээд жил орчим болж байна. Таны ирээд хийсэн хамгийн анхны ажил юу байв?

-Аливаа Элчин сайдын хувьд томилогдон ирснийхээ дараа нэн түрүүнд хийх ажил нь тухайн улстайгаа танилцах явдал гэж би боддог. Хэрэв ард түмнийг нь, түүх соёлыг нь ойлгохгүй бол сайн элчин сайд байж чадахгүй. Тиймээс миний хамгийн эхний ажил бол гадагшаа гарч, хүмүүстэй уулзан, өгүүлэх түүхийг нь сонсож, энэ орны баялаг бөгөөд олон талт соёлыг мэдрэх байсан. Надад дипломатчийн төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөн дэвжихэд дөхөм болсон гайхалтай цаг хугацаа байлаа. Намайг найрсаг дотноор хүлээн авч, цаг заваа гарган нутаг орноо танилцуулсан нийт монголчуудад гүнээ талархаж байна. Элчин сайдаар ажиллах хугацааны амжилт ололт бүхэн Монгол Улс намайг өөриймсгөөр угтсанд талархсан сэтгэлээс минь үүдэлтэй.

-Монгол орон таны төсөөлснөөс өөр байв уу?

-Монгол Улс яг л миний төсөөлж байсан шиг өргөн уудам, гайхам үзэсгэлэнтэй, бахархам түүхтэй, мөн эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэнтэй улс юм.

-Ялтад 1945 оны хоёрду гаар сарын эхээр болсон холбоотон гүрнүүдийн тэргүүн Франклин Рузвельт, Иосиф Сталин, Уинстон Черчилль нарын оролцсон бага хурлын шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход АНУ ил, далдаар ихээхэн тусалсан гэдгийг монголчууд өнөөдөр ч мартаагүй. Тэгвэл өнөөдөр хоёулаа ардчилсан улс болоод байгаа манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны онцлог юу вэ?

-Манай хоёр агуу үндэстэн одоогоос яг 37 жилийн өмнө албан ёсны дипломат харилцаа тогтоосноос хойш бид ардчиллын төлөө хамтдаа тууштай зүтгэсээр ирсэн бөгөөд бидний харилцаа хамтын үнэт зүйлс дээр суурилсан байдаг.

Бид Монгол Улсын стратегийн түнш болон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархаж, ардчилсан институцүүд, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг дэмжиж байна. Ардчилал хэдий чинээ бат бэх байна, эдийн засаг төдий чинээ хүчирхэг байдаг тул хууль дээдлэх, засаглалыг дэмжих, авлигатай тэмцэх, суурь эрх чөлөөг хангахад хэрхэн хамтран ажиллах талаар бид нэлээд ярилцаж хэлэлцдэг.

-Монгол Улс социализмаас ардчилалд шилжиж байсан 1990 оны үед АНУ “Хандивлагч улсуудын бүлэг” байгуулах зэргээр монголчуудыг хүнд хэцүү үеийг даван туулахад үнэлж баршгүй том тус хүргэсэн. Тэгвэл цагаачдын асуудал хаа сайгүй хүнд болоод байгаа энэ үед авторитар дэглэмтэй хоёр том улсын дунд байгаа ардчилсан Монгол Улсын АНУ-д байгаа цагаач иргэдэд давхар иргэншил болон ажлын байр олгох асуудлаар Цагаан ордон тусалж чадах болов уу?

-Америкийн нэгдсэн улс үргэлж цагаачдын орон байсаар ирсэн, олон соёлын жинхэнэ сүлэлдээн юм. Монгол гаралтай америкчууд манай улсын бүх иргэнд нээлттэй байдаг боломжуудыг ашиглан, үр шимийг нь хүртэхийн зэрэгцээ манай үндэстний онцлог шинж, хүчирхэг байхын гол цөм болох олон талт байдалд хувь нэмрээ оруулж байгааг харахад бахархалтай байна. Гэхдээ миний бодлоор бидний ярилцах ёстой сэдэв бол Америк дахь монголчуудын ажлын байр биш, харин энд, Монголд байгаа монголчуудын ажлын байрны асуудал гэж би бодож байна.

-Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд ардчилсан улсуудаас орж ирэх хөрөнгө оруулалт маш чухал үүрэгтэй. Иймээс АНУ-аас манай улсад оруулж буй хөрөнгө оруулалтын өнөөгийн түвшин, ирээдүйг та юу гэж харж байна вэ?

-АНУ-ын Монгол дахь шууд хөрөнгө оруулалт 2022 онд 700 сая ам.долларт хүрсэн байдаг ч бид илүү шаргуу ажиллахыг хүсч байна. Мэдээж уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш их татдаг, үүн дээр цэвэр эрчим хүч, хагас дамжуулагчийн технологид шаардлагатай байдаг чухал ашигт малтмалын судлагдаагүй нөөц Монгол Улсад байх магадлалтайг дурдах хэрэгтэй байх. Мөн манай хөрөнгө оруулагчид, компаниуд бөөний болон жижиглэнгийн худалдаа, санхүү, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ, хүнс, ундааны үйлдвэрлэл зэрэг олон салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

Бид сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуйн салбарт илүү ихийг хийж байгаадаа баяртай байна. Энэ нь зөвхөн бизнесийн боломж ихтэй учраас биш юм. Эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай адилтгаж үзэх учиртай. Манай Засгийн газрын зүгээс Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорациараа дамжуулан Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад 100 гаруй сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид илүү их ажил хийхээр зорьж байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, ялангуяа дүрэм журам мөрдөх болон маргаан шийдвэрлэх тал дээр ил тод, тууштай, шуурхай байх нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Монголчуудын хэлдгээр, дэлхийн ардчиллыг АНУ өнөөдөр “цээжээрээ хамгаалж” байна. Та АНУын элчин сайдын хувьд дэлхийн маргаашийг яаж харж байна вэ?

-Америкт ч гэсэн “Юу тарина, түүнийгээ хураана” гэж үг бий. Тийм ч учраас ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийн эдийн засагт итгэдэг Америк, Монгол гэх мэт улс орнууд эдгээр нийтлэг үнэт зүйлсээ дэлхий дахинд хадгалж хамгаалахын тулд хамтран ажиллах нь маш чухал гэж би бодож байна. Бусдын эрхэнд заналхийлж буйг нь эсэргүүцэж, өөрийгөө хамгаалах чадамжгүйг нь өмгөөлж, хаана төрснөөсөө үл хамааран бүх хүн амар амгалан, аюулгүй орчинд амьдрах боломжийг бий болгон, тэдний нийтлэг эрх ашгийг хүндэтгэж, цэцэглэн хөгжих тэгш боломжоор хангахын төлөө бид ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах ёстой.

-Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг. Монгол Улс  жижиг улс. Монголчууд бид яавал америкчуудад тус болж АНУ-ын ач, тусыг бага ч болов хариулж чадах бол?

-Өмнөх асуултад хариулсантай ижил хариулт өгъе. Бидэнтэй хамт бай. Монголын ард түмнийг бахархалтай, хүчирхэг болгодог зүйлийн төлөө зогс. Амаргүй байсан ч энх тайван, хөгжил цэцэглэлт, хүний эрхийн төлөө зогс. Ялангуяа амаргүй үед. Ганц сум амархан хугардаг ч багласан сум юунд ч хялбар дийлдэхгүй гэж Алунгуа эх сургадаг. Монголчууд эх орноо жижиг гэж бодож болохгүй. Монгол Улс газар зүйн хувьд маш өргөн уудам, мөн чухал бүс нутгийн яг төвд нь байдаг. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг олон улсын харилцааны олон салбарт хавьгүй том үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэж байна.

-Сүүлийн жилүүдэд Монголд хэвлэлийн эрх чөлөөг маш ихээр хааж, чөлөөт хэвлэлийн орон зайг хумьсаар байна. Хууль хүртэл гаргаж эдийн засгийн шахалт чөлөөт хэвлэлд шууд утгаар нь үзүүлж байна. Ийм нөхцөл байдлыг олон улсад яаж даван туулдаг юм бол?

-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь бусад бүх эрхийг баталгаажуулахад тусалдаг үндсэн эрх. Иргэд эрхээ эдлэх боломжийг шууд хаах, эсвэл хүсэл зоригийг нь мохоох хууль гаргахгүй байх нь маш чухал.

-“NO WAR” хөдөлгөөнөөс гаргасан зургийн үзэсгэлэнг үзээд явж байсан тэр агшин тань ардчилалд хайртай маш олон хүнд итгэл найдвар төрүүлсэн. Ингэхэд үзэсгэлэн танд таалагдсан уу?

-Мэдээж хэрэг Украин дахь Оросын түрэмгийллийг АНУ эсэргүүцэж, дайныг хурдан дуусна гэдэгт найдаж байна. Дэлхий даяар, тэр дундаа монголчууд ч мөн ийм бодолтой, энэ мэдрэмжийг хуваалцаж байгаад баяртай байна.

-Өнгөрөгч 12 дугаар сард Монгол-Америкийн зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтаар ямар асуудлууд ярьж шийдэв?

-Бид эдийн засгийн хамтын ажиллагаа, олон талт байгууллагууд дахь хамтын ажиллагаа, АНУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүд, Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төсөл гэх мэт хамтран ажиллаж буй бүхий л асуудлуудаар ярилцлаа. Та бүхэн хоёр орны зөвлөлдөх уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлээс энэ талаар дэлгэрэнгүй унших боломжтой.

-Саяхан болсон “АмЧам Монгол”-ын тайлангийн хурлын үеэр Та хэлсэн үгэндээ “нэн чухал ашигт малтмал, цахим эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч зэрэг Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудыг хөгжүүлэх санаачилгыг дэмжих нэмэлт хүчин чармайлт гаргана” гэж онцолсон. Энэ хүрээнд онцлох ажлуудаасаа дурдахгүй юу?

-Монгол Улсын ашиглагдаагүй асар их нөөц бололцоо гэвэл сэргээгдэх эрчим хүчийг хэлнэ. Эдийн засгийн өсөлт, төрөлжилт, үндэсний аюулгүй байдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гээд энэ бүх асуудал нүүрс буюу чулуужсан түлшнээс татгалзаж чадах эсэхээс хамаарна. Дэлхий дахин үүнийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 28 дугаар бага хурал дээр тунхагласан байдаг. Монгол Улсад уг шилжилтийг хийх нар, салхины нөөц бий, одоо зөвхөн улс төрийн хүсэл зориг л хэрэгтэй.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр өнгөрөгч онд дулааны үр ашиг, зохицуулалт, цэвэр эрчим хүчний хэрэглээг сайжруулах чиглэлээр эрчим хүчний салбарт ажиллалаа. Хөтөлбөрийн зүгээс АНУ-ын зохицуулах хороодтой хамтран ажиллаж, эрчим хүчний зах зээлийг сайжруулах талаар илтгэл тавьж, сүлжээний шинэчлэлийн талаар семинар зохион байгуулсан. Эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь эрчим хүчний шударга шилжилтийг баталгаажуулдаг гэдгийг мэдэх учраас бид Монголд анхлан “Цэвэр эрчим хүч ба эмэгтэйчүүд” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байв.

Бид Засгийн газартай гар нийлэн ажиллах болно. Монголын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх гол хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт юм гэдгийг дурдах хэрэгтэй. Зохицуулалт, хууль эрх зүйн орчин нь зөв байвал гадны сэргээгдэх эрчим хүчний компаниуд Монголд буй боломжийг миний адил олж харах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 37 жилийн ой нэгдүгээр сарын 27-нд тохиож байна. Элчин сайд та хоёр орны харилцаан дахь өнгөрөгч оны ололт амжилтуудыг дурдаад энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө уншигчидтай хуваалцана уу.

-Яг энэ талаар бид Монголын засгийн газрын түншүүдтэйгээ өнгөрсөн сард Вашингтон хотноо болсон зөвлөлдөх уулзалтаар хэлэлцлээ. Өнгөрөгч онд урьд хожид байгаагүй олон тооны, өргөн хүрээг хамарсан, өндөр түвшний айлчлалууд Вашингтоноос Монголд хийгдсэнээс хоёр орны харилцаа хэр зэрэг далайцтай байгааг ойлгож болох байх. Өнгөрсөн зун Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Цагаан ордонд хүлээн авч нэн өндөр хүндэтгэл үзүүлсэн нь манай хоёр агуу үндэстний аль алиных нь тусын тулд энэхүү стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөөх хамтын хүчин чармайлтыг тодотгож өгсөнөөрөө онцлог юм.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн оны онцлох үйл явдал бол “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох замыг зассан явдал байлаа. Үүнээс гадна дурдахуйц олон зүйл бий. Бид чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж эхлэхээр гэрээ байгуулсан бөгөөд үүнийг энэ онд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Наймдугаар сард баталсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураглал”-д дурдсан сансрын технологи, дижитал хөгжил, цэвэр эрчим хүчний салбарт хамтрах арга замуудыг судлах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын усны дэд бүтцийг хөгжүүлж, хойч үеийнхээ усны хэрэгцээг хангах зорилго бүхий Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ ч мөн томоохон ахиц дэвшил гаргасныг тэмдэглэхэд таатай байна. 462 сая ам.долларын өртөгтэй уг төсөл хэрэгжиж дуусахад нийслэлийн цэвэр усны хангамж 80 хувиар нэмэгдэх юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд гүйцэтгэсэн гарамгай бөгөөд эерэг үүргээ Монгол Улс зохих ёсоор үнэлүүлж байгаад би баяртай байна. Манай хоёр улсын зэвсэгт хүчин олон жилийн турш туршлага, мэдлэгээ солилцож ирсний жишээ нь Хаан Куэст, Номхон далайн элч, Говийн чоно зэрэг хамтарсан сургуулилалтууд бөгөөд тэдгээр нь энэ онд ч мөн үргэлжилнэ. Энхийг сахиулах үйлсэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээрээ Зэвсэгт хүчний Бригадын генерал Г.Болор “Олон улсын эмэгтэйчүүдийн эр зоригийн шагнал”-ыг өнгөрөгч онд хүртсэн нь бидэнд их урам зориг өглөө. Мөн Бригадын генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар сонгосныг өнгөрсөн долоо хоногт сонслоо. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд бахархам жил болж, дэлхий дахинд энх тайвны төлөөх түншүүдийн тоонд бид хамт багтаж байгаад баяртай байна.

Өнгөрсөн онд бид иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх тал дээр ихээхэн амжилт гаргалаа. Хамтран хэрэгжүүлж буй Фулбрайтын гадаад оюутны хөтөлбөрт оруулах хувь нэмрээ Монголын Засгийн газар хоёр дахин нэмэгдүүлснээр илүү олон монгол залуус АНУ-д боловсрол эзэмших боломж бүрдлээ. Монголын соёлын өвийг хууль бус наймаанаас хамгаалах зориулалттай гэрээ байгуулах ажлыг бид хамтдаа эхлүүлсэн бөгөөд энэ онд уг ажил үргэлжлэх болно. Энхтайвны корпус Монголд эргэн ирж, сайн дурын ажилтнууд орон даяар ахлах сургуулиудад англи хэл зааж байна. Мөн Америкийн Гүүгл компани Монголын Засгийн газартай хамтран хамгийн сүүлийн үеийн инноваци, технологийг Монгол Улсын сум суурин бүрийн багш, сурагчдад хүргэхээр ажиллаж байна. Энэ бол төр, хувийн хэвшил хамтран ажиллавал ямар үр дүнд хүрдгийн том жишээ юм. Хамтын ажиллагааны уг жишээг Монголын эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *