Н.Номтойбаярын зурах сонгуулийн улс төр

0

Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хуулийн эрхгүй. Мөн МАН-ын гишүүн ч биш юм. Гэвч тэр сонгуульд өрсөлдөх хүчтэй дүр болох хүлээлт үүсчхээд байна.


Википедиа дахь Н.Номтойбаярын намтарт “Тэрбээр гэм буруугүй гэдгээ батлах хууль, эрх зүйн арга хэмжээ авч, цагаатгалын үйл явцыг эхлүүлээд байна” гэж дурджээ. Ирэх сонгуулиар тэр эл цагаатгалын явцаа түргэвчлүүлж чадахгүй бол УИХ-д нэр дэвших боломжгүй бөгөөд 2020 онд МАН гишүүнчлэлээсээ хасч орхисон юм.

Н.Номтойбаяр МАН-аас УИХ-д хоёр удаа сонгогдсон, дэд сайд, сайдын албан тушаал хашсан, монголын тагнуулын байгууллагад ажилласан намтартай. Тэрбээр ял сонсож, аавын хаалга татаж үзсэн, монголын тэргүүлэх том компаниудын нэг МАК-ийн үндсэн эзний хүү гэхчлэн жигтэй намтар түүхтэй нэгэн юм.

Хоригдож байгаад гарч ирэхдээ “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд 57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэж байв.

Төрийн ордонд нэг их танхай гэмээр биеийн хэлэмжтэй явдаг, ер бусын дээрэнгүй ч юм шиг зан авиртай Н.Номтойбаяр ингэж өш зууснаа, эргэж ордонд сууна гэдгээ хоёр жил гаруйн өмнө мэдэгдсэн. Энэ амлалтаа гүйцээх хамгийн том боломж нь Н.Номтойбаярын хувьд 2024 оны УИХ-ын сонгууль л юм.

Тэр ч утгаараа 2024 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаяр ХҮН намыг давж, МАН, АН-ын хувьд анхаарал татсан дүр болон гарч ирлээ. Тодруулбал, тэр үүсэн байгуулагдсан дарааллаараа саналын хуудаст гуравдугаарт бичигддэг О.Бум-Ялагчийн халаасан дахь Ногоон намыг худалдан авсан нь үндсэндээ тодорхой болов.

Улмаар улс төрийн намуудын 13-рт бичигддэг М.Энхсайханы МҮАН-тай хамтарч, Х.Бум-Ялагч тэр хоёр Н.Номтойбаярыг эвслийнхээ даргаар сонгоод байна.

Ерөөс Ногоон намын гол үнэ цэнэ нь МАН, АН-ын араас саналын хуудаст гуравдугаарт бичигддэг дэслэл. Тэд 13-т бичигдэх, үндсэндээ саналын хуудасны эхний нүүрт ч багтах боломжгүй МҮАН-тай эвсэл байгуулж М.Энхсайхантай эвссэнээр түүнд жагсаалтад багтах боломж өгч мэдэхээр.

Гэвч нөгөө талдаа үе, үеийн сонгуулиар эвсэж болох бүхэнтэй эвсэж, элдэв тохироонд орсоор ирсэн М.Энхсайханы сийрэг тархийг сонгуулийн маневарт ашиглах гэсэн тактик харагдана. Эл нэгдлийн гол тоглогч нь М.Энхсайхан биш, Х.Бум-Ялагч ч биш. Цор ганц Н.Номтойбаяр л байх юм.

Холимог тогтолцоогоор 2012 онд сонгуульдахад 11 нам, 2 эвсэл өрсөлдөж, энэ анхны хэлбэрийнхээ золиос болж байв. Тэгвэл энэ удаа ийн өрсөлдөх чадалтай олон нам ч алга. Гэр бүлийн, жижиг ТББ-ын хэмжээнд ганц нэгхэн хүний халаасанд багтдаг намууд 2024 онд нэгдэж, эвсэж орохоос өөр сонголтгүй харагдаж байгаа.

Үүнийг Н.Номтойбаяр анзаарч, М.Энхсайхантай гар барилаа. Гэхдээ энэ бол зүгээр л ил харагдах тоглолт юм. Хөшигний ард Н.Номтойбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байгаа талаар идэвхтэй яригдаж буй. Үндсэндээ АН, МАН, ХҮН нэгдээд, ирэх парламентаар Үндсэн хуулиа дахин өөрчлөх дээр тохирчихсон.

Тэднийхээр бол, ҮХНӨ-д Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, хотын даргыг иргэдийн саналаар сонгох зэрэг өөрчлөлт оруулчих нюанс бий.

Харин У.Хүрэлсүхийн зүгээс ганц удаа сонгогддог ҮХ-ийн заалтыг С.Баярцогтоор өөрчлүүлэх тохироонд хүрсэн гэгдсэн.

Ийм эсрэг тэсрэг байр суурин дээр цэргийн стратегичийн сэтгэдгээр У.Хүрэлсүх өөр намын олон тоглогч оруулах замаар, ирэх парламентад намууд дамнасан төлөөлөлтэй болохоор ажиллаж буй дүр зурагтай байна. Түүний энэ төлөвлөгөөнд Н.Номтойбаярын Ногоон намыг өнгөлөх санаа яв цав нийцэхээр.

Н.Номтойбаяр эдүгээ МАН доторх М.Энхболдын фракцтай нэлээд ойр нөхөрлөж, Л.Оюун-Эрдэнийн мандат өгөхгүй дүрүүдийг түүхээр уулзалт хийж буй. Тухайлбал, 2016-2020 онд УИХ-ын гишүүн асан А.Ундраа Н.Номтойбаярын дэргэд очоод байна. Физикийн салбарын тэргүүн зэргийн боловсролтой А.Ундраа Ногоон намын нэгдлээс АН доторх З.Нарантуяа шиг чимэг болох хүлээлт ингэж үүсчээ.

Мөнхүү АН-аас Н.Номтойбаяртай сайд асан М.Зоригт нэлээд ойр байж, уг нэгдлээс нэр дэвших хувилбар ч яригдсаар байна. М.Зоригтын хувьд Дорнод, Сүхбаатар, Хэнтий тойрогт Н.Номтойбаяртай зэрэгцэн нэр дэвших боломжтой нэгэн юм.

Улс төр, бизнесийн хүрээнд Н.Номтойбаярын сонгуулийн бэлтгэлтэй холбоотой элдэв уулзалт, лобби дээр түүний аав Б.Нямтайшир ч идэвхтэй ажиллаж буй. Тэд Англиас пи-ар баг авчирсан гэх бөгөөд санхүүгийн чадамжийн хувьд МАК нэг удаагийн сонгуульд торохгүй гэгдэж байна.

Яг ингэж Н.Номтойбаярыг 2024 оны сонгуулийн өмнө цахилж гарч ирнэ гэж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төдийлөн тооцоолоогүй болов уу. Тэр өнгөрсөн хугацаанд АН-ыг хэсэг бутаргаж байгаад, эргэж нэг нам төрхтэй харагдуулахад үлэмж их хүчээ зарцуулсан. Дээрээс нь гомдоочихгүй шиг дусал тариа хийнгээ ХҮН намыг, Т.Доржхандыг ашиглах санаагаа ч орхиогүй.

Гэтэл гэнэт Н.Номтойбаяр гэдэг шинэ тоглогч гарч ирээд, Тусгаар тогтнолын ордон, Төрийн тэргүүний өрөөгөөр явж, АН доторх зарим хорчин гишүүд, МАН-ын томчуудтай уулзаж, эхэллээ.

Ерөнхийдөө л ийм тухгүй мэдрэмж дундуур нэгэн цагт НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн тамгаа булаацалдаж явсан Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар зэрэгцэн, нам удирдаж, сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо.

Ногоон нам, МҮАН эвсэл сонгуулийн ялалтад айхтар эффект АН, МАН-д өгч чадахгүй ч үүсэн байгуулагдсан дарааллаараа саналын хуудсын гуравдугаарт бичигдэнэ. Тэд энэ байдлаараа, тус эвслийг Н.Номтойбаяр тэргүүлэхээрээ ХҮН намын сонгуульд үзүүлэх жингээс давна аа.

Ядаж л бизнесийн томчууд ХҮН намд итгэл өгснөөс Н.Номтойбаярыг дэмжихээ илүүд үзэх билээ. Түүний давуу байдлууд ирэх өдрүүдэд улам ч өсч мэдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *