Л.Гантөмөр АН-ын даргын албыг Л.Оюун-Эрдэнийн бараа бологч төдий болголоо

0

Одоогоос бараг жилийн өмнө буюу 2023 оны 2-р сарын 9-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлүүдийг авч хэлэлцээд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн билээ. Тэр үед АН-ын даргаар бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Ганбат мөн өргөдлөө өгөөд байв. Дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх үндэслэлүүддээ : “Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна.

Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 389 гишүүний 167 гишүүн санал гаргасан нь Намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан; Намын дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт “намын шийдвэр гаргах зарчим”-ыг зохицуулахдаа 4.3.5-д “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна.

Иймээс 389 гишүүний ердийн олонх 196 гишүүн байхаас 201 гишүүн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцсон нь хурлын ирцийн хувьд дүрэмд заасан шаардлагад нийцсэн; Дүрмийн 5.13.1.1-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж зааснаар намын дотоод асуудлаа шийдэж, намын даргын асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн хүрээнд байна; Дүрмийн 5.12.2-т “… Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна” гэж заасан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 249 гишүүн ирсэн нь дүрэмд заасан шаардлагыг хангасан. Энэ хуралд намын даргад 3 гишүүн өрсөлдөж, Л.Гантөмөр 51.88 хувийн санал авсан нь зөрчилгүй;

Дүрмийн 5.12.4-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд, 5.12.4.8-д “Намын даргыг ёсчлон батламжлах” гэж зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Намын их хурал хуралдсан, 1009 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг 100 хувийн саналаар ёсчлон батламжилсан нь дүрмийн дагуу болсон;

Их хурлын 1009 төлөөлөгчийн 302 нь Үндэсний бодлогын хорооноос, УИХ-ын 9 гишүүн, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн хорооноос 7 хүн, орон нутгаас 502, Улаанбаатар хотоос 189 төлөөлөгч оролцсон нь Дүрмийн 5.12.3-т “Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын дарга, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын гүйцэтгэх удирдлага томилогдоно” гэж заасанд нийцсэн гэж тус тус дүгнэсэн байв.

Ийнхүү Лувсаннямын Гантөмөр АН-ын даргаар сонгогдож, бүртгэгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Удтал хоёр дарга, хоёр байр, хоёр Хэрэг Эрхлэх Газартай явж ирсэн Ардчилсан Намынхан энэ үйл явдалд ихээхэн баярлаж, Л.Гантөмөрөөс хүлээх хүлээлт ч тун өндөр байв.

Харамсалтай нь Л.Гантөмөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН-ыг бараг л унтуулж орхилоо. Тэр бүү хэл сүүлийн үед нэгэн хачирхалтай үйлдэл хоёр ч удаа гаргасан нь улс төрийн хувьд тун буруу шийдэл болж байна. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн улс төр, эдийн засгийн шийдвэрээ танилцуулах үед, бараа бологчийн үүрэг гүйцэтгэн, Л.Оюун-Эрдэнэ даргад баярлалаа гэх үгийг хэлээд зогсож байх болов.

МАН, АН-ын дарга нар тодорхой улс төрийн нэгдсэн шийдэлд хүрч бололгүй яахав. Гэхдээ үүнийгээ зарлах, олон нийтэд мэдэгдэх нь хүртэл тэр чигээрээ энгийн мэт атлаа нарийн хэлбэр, хэлэмжтэй байх нь зүй. Ухаандаа МАН, АН-ын удирдлагууд тодорхой асуудлаар нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж буй бол хоёр намын туг, далбаагаа байрлуулаад, намын төлөөллүүд оролцоод зарлаж болно. Өмнө нь ч тэгж л явсан жишигтэй. Түүнээс бус Монгол Улсын Ерөнхий Сайдын хэвлэлийн хуралд оролцоод, ХҮН намын дарга Т.Доржхандтай зэрэгцэж, зогсоод, Ерөнхий Сайддаа баярлалаа гэж зогсох нь зөөлхөн хэлэхэд өрөвдмөөр л хэрэг. Товчхондоо бол Л.Гантөмөр АН-ын даргын албыг Л.Оюун-Эрдэнийн бараа бологч төдий л болгож байна даа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *