Г.Баярсайхан: Малчин ардын хүүхдүүд баячуудын зугаа, саналыг гүйцэлдүүлэх гэж хурдан морь унаж, амь насаа алдсан байдаг
Цагаан сарын баярын дараа болох Дүнжингарав хурдан морины уралдааныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан тэргүүтэй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, сайд асан Г.Баярсайхан “Би Хөдөлмөрийн сайд байх үедээ 2016 оны хоёрдугаар сарын 8-нд А36 дугаар тоот тушаалыг гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээ, сорилтыг хориглосон.
1990 онд Монгол Улсын тухайн үеийн парламент хүүхдийн эрхийг конвенцод нэгдэн орсон байдаг. 2000 онд Монгол Улсын парламент олон улсын хүүхдийн эрхийн конвенцын 1,2 дугаар баримт бичгийг хүлээн авч, баталсан байдаг. Хүүхдийг дайн дажинд оролцуулахгүй, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглоно гэсэн заалтыг баталсан юм.
1996 оноос хойш өдийг хүртэл 50 гаруй хүүхэд, өвөл, хаврын хурдан морины уралдаанд амь насаа алдсан нь ноцтой. Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр байсаар байтал эрх баригчид удаа дараа Дүнжингарав болон өөр нэртэй уралдааныг зохион байгуулж байсан. Энэ нь конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйг харуулж байгаа юм.
Уяач улстөрчид Засгийн газрын шийдвэр, парламентад нөлөөлж байна. Тэд өөрсдийн гаргасан тогтоол шийдвэрийн эсрэг явж байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй нөхөд хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах үйл ажиллагааг таслан зогсоохгүй, хүүхдийн амь нас эрствэл олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдье.
Жирийн малчин иргэдэд хурдан морь уралдуулах нь чухал биш, хаврын хахир хүйтэн хүнд цагийг давж гарах гол зорилготой байгаа.
Өвлийн хурдан морины уралдааны үеэр амь насаа алдсан 50 гаруй хүүхэд дотор хэчнээн Илон Маск, Марк Закербэрг, Эйнштейн байсан бол гэж хувьдаа харамсдаг юм. Орлого багатай малчин ардын хүүхдүүд баячуудын зугаа цэнгэл, саналыг гүйцэлдүүлэх гэж хурдан морь унаж, амь насаа алдсан байдаг.
Хүүхдүүдийн эрх ашиг, амь насыг хамгаалж, өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулж болохгүй” хэмээн ярилаа.