Н.Баярмөнх: Төрийн алба, үйлчилгээ иргэдэд явдал чирэгдэлгүй хүрдэг байх ёстой

0

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхтэй ярилцлаа.

-Таны хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргаар сонгогдоод яаж ажиллахаа хэрхэн тодорхойлсон бэ?

-Баянзүрх дүүргийн Засаг даргаар сонгогдон ажиллаад 2020-2024 онд хэрэгжүүлж буй бодлогын үндсэн чиглэл нь хүний хөгжлийг дэмжих, үр ашигтай эдийн засаг,  тогтвортой ногоон хөгжил, цогц төлөвлөлттэй тохижилт, хариуцлагатай засаглал гэсэн үндсэн зорилго, 36 зорилтын хүрээнд төлөвлөөд хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтуудтай уялдаж байгаа. Тэр дундаа үйл ажиллагааны үр дүнд суурилсан бодлого төлөвлөлтийн хүрээнд боловсруулсан.

2021 оныг Дэмжих жил, 2022 оныг Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил, 2023 оныг Хүний хөгжлийн жил, 2024 оныг Хүүхдийг дэмжих жил болгон зарлаад үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулаад ажиллаж байна. Ингэхдээ хамгийн түрүүнд иргэдийнхээ саналыг тусгаж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагуудын саналыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал ямар байна, бид ямар түвшинд хүрэх вэ тодорхой болгосон. Шинээр хийхээсээ илүү цэгцлэх, дахин төлөвлөх, ажлуудыг хийхээр зорьж ажиллаж байна.

-Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулалт сүүлийн гурван жилд маш их хийгдсэн. Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтуудаас та юуг онцлох вэ?

-Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозамын бүтээн байгуулалтад хэвтээ тэнхлэгийн 11.9 км авто зам, босоо тэнхлэгийн 18.5 км автозамыг бүтээн байгуулаад байна. Баянзүрх дүүрэг Найрамдлын район нэртэйгээр 1965 онд байгуулагдсан. Ирэх жил 60 жилийн ой болно. 60 гаруй жилийн хугацаанд баригдсан нийт автозамын 4/1-тэй тэнцэх хэмжээний автозам энэ дөрвөн жил шинээр баригдсан. Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр 60 жилийн хугацаанд анх удаа автозам барьсан нь энэ. Нийслэлчүүдийг бухимдуулж буй түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн автозам шинээр барихдаа захын, гэр хорооллоороо хөгжих хороодын судалгааг гаргаж тэр хороодод автозам шинээр барих ажлыг хийсэн. Төвийн хороод цаашид дахин төлөвлөлт хийгдэнэ.

Мөн дүүргийн хэмжээнд гарааш буулгах ажлыг эрчимжүүлсэн. Нийтдээ 77 байршилд 1635 гарааш чөлөөлсөн. Үүний 38 байршилд тохижилтын ажлыг хийгээд байгаа бол энэ ондоо багтаад 38 байршилд тохижилтын ажил хийнэ. Чөлөөлөгдсөн газрууд болон бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай хороодод нийтдээ 1.8 сая м.кв газар дээр тохижилтын ажил хийгээд байна. Ингэхдээ жишиг болохуйц зарим бүтээн байгуулалтыг дурдахад Шархадны 9 дүгээр хороонд хогийн жалга байсан газарт “Бидний гудамж” нэртэй тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амарч суухад тохиромжтой тохижилтыг хийсэн. Энэ жил хоёр, гурван байршилд энэ төслөө үргэлжлүүлнэ. Танай ойрхон ийм бүтээн байгуулалт хийе гэхэд иргэд маш сайхнаар хүлээж авч байсан. Дэмжээд хашаагаа татаад, газраа чөлөөлөөд өгсөн айлууд ч бий. Ер нь дүүрэг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил дан ганц төсөв хөрөнгөөс шалтгаалахгүй иргэдийн оролцоо, дэмжлэг дээр тулгуурлаж хийгддэг. Тиймээс ямар ч зүйл дээр иргэдийнхээ саналыг сонсон ажиллаж байна.

Зарим тохижилтын ажилд “second hand” гэж хэлдэг хэрэглэгдэж байсан материал буюу явган хүний замын хуулсан хавтангуудыг дахин ашигласан. Энэ ажил том биш ч цаашид хэрэгжүүлээд явахад жишиг болохуйц гэдгийг онцлон дурдмаар байна.

-Таны хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа сар бүр иргэдээ хүлээн авч уулзаж байгаа нь үнэхээр жишиг болохуйц гэж харж байна. Энэ уулзалт хэр үр дүнтэй байдаг вэ?

-Ажил хөөцөлдөнө гэхээр л хүмүүс их төвөгшөөж хүлээж авдаг. Дарга нартай уулзах нь хэцүү гэсэн бодолдоо бат итгэчихсэн хүмүүс ч байдаг. Минийхээр бол төрийн алба, үйлчилгээ иргэдэд явдал чирэгдэлгүй хүрдэг байх ёстой гэж боддог. Тийм байлгахыг ч төрийн албан хаагчиддаа уриалдаг. Тиймээс дүүргийнхээ удирдлагын багтай хамтран иргэдийн уулзалтыг сар бүр зохион байгуулж байна. Уулзалтад асуудалгүй хүн ирдэггүй. Бүгд л их, бага хэмжээгээр асуудал яриад л ирдэг. Тэр бүрд нь хариулт өгөөд, холбогдох алба хэлтсийн дарга нартай нь холбоод өгдөг.

-Нийслэлийн хэмжээнд ямар ч бүтээн байгуулалтаас илүү ногоон орчныг бий болгох нь үнэ цэнтэй гэж хардаг. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод тарих аян”-ыг дэмжиж гэр хорооллын айлуудыг “Айл бүр хашаандаа 10 мод” аяныг өрнүүлсэн нь маш амжилттай болсон. Мөн 23, 28 дугаар хороонд IGM буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэнг 300 га талбайд байгуулахаар санаачлан зураг төслийг нь гаргаад бүрэн хашаалж, мод тарилтын ажлыг эхлүүлсэн. Дэд бүтэц татах, оффисын барилга барих, дугуйн зам, явган хүний замын ажил хэрэгжих шатандаа явж байгаа. Нийслэлийн хэмжээнд тэр дундаа манай дүүрэгт дахиад тийм том хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой газар байхгүй учраас барилгажихаас нь өмнө цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг гаргасан нь үр хүүхдүүддээ үлдээж буй нэг төрлийн үнэт өв гэж харж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд ТҮЦ-үүдийг цэгцлэх ажилд Баянзүрх дүүрэг манлайлж байгаа гэхэд болно. Энэ ажлыг зохион байгуулахдаа ямар зарчмыг баримталж байгаа вэ?

-Баянзүрх дүүрэгт ТҮЦ нүүлгэлтийн ажил эрчимтэй хийгдэж байгаа. Энэ нь бас амаргүй. Нэг талдаа орчны өнгө үзэмж, эрүүл аюулгүй байдал, чанаргүй хүнсний худалдаа, зөвшөөрөлгүй архи, тамхины худалдаа, ариун цэврийн байгууламжгүй гээд цэгцлэхээс өөр аргагүй байдал үүсээд байгаа. Нөгөө талдаа ТҮЦ-ээр амьдрал ахуйгаа авч яваа иргэн, айл өрхийн асуудал бий. ТҮЦ эрхлэгч нартай маш олон удаагийн уулзалт хийгээд зөвшилцөөд явж байгаа. Тэдэн дунд үнэхээр амьдрал нь ТҮЦ эрхлэлт дээрээ явдаг хүмүүс бий. Гэтэл бас 10, 20 ТҮЦ-тэй. Тэрийгээ түрээслээд амьдардаг хүмүүс ч бий. Тиймээс тэдэнтэй хамтраад ажиллах нь зөв юм билээ. Эхний ээлжид төв зам дагуу ТҮЦ-гүй болох, цэгцлэх ажлыг хийж байгаа. Автобусны буудлуудыг эмхэлж, цэгцлэх, иргэд автобусаа хүлээгээд зогсох орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Автобуснаас буугаад ТҮЦ мөргөдөг байж болохгүй. Автобус хүлээх зуураа зогсох газаргүй, замын брожур дээр зогсож байгаад осолд орсон тохиолдлууд ч бий.

Бид нарын зүгээс өнөөдөр шийдээд маргааш нүүлгэдэг юм байхгүй. ТҮЦ эрхлэгч нартаа шаардах хуудас өгөөд, өр зээлтэй бол тэрийгээ төлөх хугацаа өгөөд, олон удаагийн мэдэгдэл өгсний үндсэн дээр нүүлгэх ажлыг хийдэг. Түүнээс иргэдэд сайн сайхан харагдах гээд ч юм уу гэнэт л шийдээд хийгээд байгаа зүйл байхгүй.

-Баянзүрх дүүрэгт зах худалдааны төв их. Тийм ч учраас үүнийг дагасан архидалт өндөр. Өнгөрсөн зун “Сэргэлт-79” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хэр үр дүнгээ өгсөн бэ. Цаашид үүнийг дахиж хэрэгжүүлэх үү?  

-УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлаад дүүргийн хэмжээнд бид хамтраад хэрэгжүүлсэн. Архи уугаад гэр бүлдээ эргэж очиж чадахаа больсон, орох оронгүй гудамжинд гарчихсан, шуудай үүрсэн хүмүүс хаа сайгүй л байгаа. Тэдгээр хүмүүст нэг удаа боломж олгоод үзье гэж шийдсэн. Ингээд дүүргийн хэмжээнд цагдаа, хорооны Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн нийгэмлэг, архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд хамтраад энэ ажлыг зохион байгуулсан. Анх Загдаа ах, Амараа эгч хоёрын “Зөв амьдрах ухаан” ТББ дээр гудамжнаас 200 гаруй хүнийг цуглуулаад усанд оруулаад, хувцсыг нь солиод, эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээнд хамруулсан. Тэндээсээ гэртээ харих боломжтой, бусад дүүргийн, хүлээж авах хүнтэй хүмүүсийг нь тараагаад 79 иргэнийг үлдээгээд хоёр сарын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гачууртад байрлалтай Шижир амралтын газарт 30 хоног байрлуулаад архины эсрэг сургалт, лекц зохион байгуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажлын байрны чиг баримжааг нь тодорхойлоод сүүлийн 30 хоногт ажил хийх хүсэлтэй иргэдийг нь ажлын байранд зуучлаад ажиллуулсан. Олон хүнд амьдралаа шинээр эхлүүлэх боломжийг нээж өгсөн. Оюутолгойд ажиллаж байгаад гэр бүлийн асуудлаас болоод гудамжинд гарчихсан байсан залуу архинаас татгалзаад, буцаад Оюутолгойд ажилд орчихсон явж байгаа. Энэ бол бодит үр дүн юм даа.

“Сэргэлт 79” хөтөлбөрийг цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр болгон боловсруулж байгаа. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт танилцуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

-Сонгуульт хугацааны 4/1 нь л үлдээд байна. Анх төлөвлөж байсан ажлуудаа хангалттай хийж чадсан уу?

-Үнэндээ хангалттай гэж хэлэхэд хэцүү. Шалтаг шиг сонсогдож болно. Гэвч өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийн хоёр жил, байгалийн гамшиг, осол аваараас үүдэлтэй явуулж буй үйл ажиллагаанд хүндрэл учирсан, цаг хугацаа удаашрах нөхцөл байдлуудтай нүүр тулсан. Тиймээс үлдсэн багахан хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө шахах үүднээс “Баянзүрх 180” хөтөлбөрийг санаачлаад хэрэгжүүлж байна.  

Гэхдээ хийсэн хүмүүсийн урмыг хугалж болохгүй. Бидний хийсэн ажил Нийслэлдээ үнэлэгдээд явж байна. Үүний илрэл нь Баянзүрх дүүрэг Нийслэлийн 9 дүүргээс 2022, 2023 онд дараалан шилдэг дүүргээр шалгарлаа.

-Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон ажил байгаа байх. Эдгээрээс заавал хэрэгжих ёстой гэсэн онцлох ажлууд юу байгаа вэ?

-Хэрэгжүүлэх шаардлагагүй ажил гэж байхгүй. Иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслээд төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа учраас бүгд л иргэдийн эрүүл аюулгүй амьдрах хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа. Бидний хийсэн томоохон ажил бол “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг боловсруулсан. Цаашид энэхүү баримт бичигт туссан ажлуудыг шат  шатандаа дараалалтай, цэгцтэй хэрэгжүүлээд явахад орон нутгийн олон асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа.

Энд тусгагдсан томоохон төслүүдээс дурдвал Арилжааны дүүрэг болох зорилт. Манай дүүрэгт хамгийн олон зах худалдааны төв төвлөрсөн байдаг. Тиймээс бизнес эрхлэгчдээ дэмжихээр Баянзүрх дүүргийг Арилжааны дүүрэг болох зорилтыг дэвшүүлж Намъянжүгийн гудамжийг Бүтээлч гудамж болгон тохижуулахаар бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Энэ гудамжны тохижилт дууссаны дараа ТҮЦ эрхлэгчдэд тодорхой байршлуудад зааж худалдаа арилжаа эрхлэх боломжоор хангана. Энэ мэт хоорондоо уялдаа холбоотой олон том төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд зарим нь хэрэгжих шатандаа орсон явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа. Энэхүү ярилцлагаараа дамжуулаад хэлэхэд энэ Улаанбаатар хот, Баянзүрх бол бидний хот, дүүрэг. Та бидний үр хүүхэд амьдрах, та бидний бүтээсэн, цаашид бүтээх хот, дүүрэг учраас нийтийн эрх ашгийг хангасан, эмх цэгцтэй, стандарттай, дүрэм журамтай байх ёстой юм шүү. Үүнийг бий болгохын төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа дэмжээрэй гэж иргэддээ уриалмаар байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *