У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 10 жил яваад зогсох ажил биш
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Хөрсөө, хүнээ хамгаалж мод тарих ёстой. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 10 жил хэрэгжээд зогсох ажил биш. Энэ ажлыг бидний үр хүүхэд үргэлжлүүлэх ёстой. Ойгоо хамгаалах, нөхөн сэргээх ажилд дэлхийн улсууд хамтран ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их өртөж байна. Тиймээс бид НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ чуулганаар байгаль орчин, эко системийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийг ярилцах болно. Энэ бол монголчууд бидний хүн төрөлхтөний сайн сайхны төлөө оруулж буй хувь нэмэр юм. Монголчууд байгаль орчноо хайрлан хамгаалдаг болсон нь том дэвшил” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан юм.
Харин “Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх болно.
Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж байна.