УИХ-ЫН 36 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ III ЭХЭЛЛЭЭ
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ УИХ-ын 36-р тогтоолын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нийт 18 арга хэмжээний биелэлт хангалтгүй буюу тогтоолд тусгасан шинээр болон нэмэлт өөрчлөлт оруулах нийт 10 хуулийн төслүүд нь батлагдаагүй байгаа бөгөөд салбар яамд онцгой анхаарч ажиллахыг сануулав. 2024 оноос эхлэн малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөврийг НӨАТ-аас чөлөөлж байгааг хэлэв. Мөн 36-р тогтоолд тусгагдаагүй боловч Худалдааны хуулийг боловсруулж батлуулах шаардлагатай байна гэлээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хурлыг даргалав, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар болон ЕТГ-ын даргын 108 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн үр дүнг танилцуулав.
Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг хэлэлцэх зорилготой юм.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад ЕТГ, УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тогтоолыг хэрэгжүүлэгч яамд, төрийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод, эрдэмтдийн зөвлөл гэсэн 57 байгууллага оролцож байна.