“МАН сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг”
“МАН СОНГУУЛЬ БҮРИЙН ӨМНӨ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГЭЭР ШОУДДАГ”
“МАН сонгууль бүрийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээр шоуддаг”
ПҮРЭВСҮРЭН БАТЗАЯА
2024-03-06
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Намууд мөрийн хөтөлбөрөө бараг боловсруулж дуусч байгаа байх. Ардчилсан намд хандаж, МҮХАҮТ-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн. Ер нь танай нам бизнесийн орчинг сайжруулах талаар ямар бодлого мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа вэ. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин асар муудлаа гэсэн шүүмжлэл гарах болсон?
-Ардчилсан нам зохион байгуулалтын хувьд нэгдэж нийлснийхээ дараа Ардчилсан намын ардчиллын тунхаг хэмээх баримт бичгийг боловсруулж гаргасан. Мөн АН-ын үнэт зүйлийг тодорхойлсон мөрийн хөтөлбөр боловсруулах асуудлыг эргэж харж байна. Энэ хүрээндээ АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Мөрийн хөтөлбөрөө хэд хэдэн үе шаттай боловсруулж байна. Нэгдүгээрт, намынхаа нийт гишүүд дэмжигчдийг сонсъё, тэд ямар асуудалд илүү их санаа зовниж байгаа талаар уулзалт хэлэлцүүлгүүдийг хийж өнгөрсөн жил Монгол Улсаа дөрвөн бүс нутагт хувааж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр дээрх дөрвөн бүсийг хэрхэн хөгжүүлвэл эдийн засгийн үр өгөөж өндөр, эдийн засгийн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ нийлүүлж, нягталсан. Үүн дээр үндэслэн мөрийн хөтөлбөрийнхөө суурийг анх гаргасан. Дараа нь мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж нийгмийн болоод мэргэжлийн салбаруудын саналыг авсан.
Тухайлбал, багш, эмч нарын холбоодоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна судалгааны байгууллагуудтай хамтарч, салбар салбараар нь буюу эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд , нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагуудтай үндэсний аюулгүй байдлын бодлогын асуудлаар уулзаж, дэлхий нийтээрээ дайны нөхцөл байдалд байгаа үед Монгол Улс эдийн засаг, экспортын бодлогоо хэрхэн нэмэгдүүлж, хоёр хөрш, мөн гуравдагч хөршийн бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт нэлээд анхаарал хандуулж, ярилцаж байна. МҮХАҮТ буюу бизнесийн хамгийн том байгууллагаас өнөөдөр өөрийн хийсэн судалгаа, боловсруулсан материалыг АН-д гардууллаа. Судалгаан дээр түшиглэж, мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг байвал үр дүнтэй бодлого, шийдвэрүүд гарна гэж үзэж байна. АН өмнө нь мөрийн хөтөлбөрүүдээ дэвшүүлэхдээ олон төрлийн зоримог алхам, реформууд хийж байсан нь үр дүнгээ өгсөн.
Та бүхэн санаж байгаа бол 1996 оны сонгуулиар АН “Ард түмэнтэй байгуулах гэрээ” гэдгийг тухайн үед санаачилж, нийт ард иргэдтэйгээ гэрээ байгуулж үүн дээрээ суурилж мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байсан. Мөн 2004 онд “хүүхэд бүрт 10 мянган төгрөг олгоно”. Ийм боломж уул уурхай дээр суурилсан эдийн засагтай оронд байгаа гэдгийг хэлж байсан.
Мөн уул уурхайн баялагийг иргэн бүр хүртэх ёстой гэж үзээд 2008 онд хэрэгжүүлж 1072 хувьцааг иргэн бүрд эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, уул уурхайн баялаг шууд өрхөд ордог энэ үйл ажиллагааг АН эхлүүлсэн. Цаашид Үндэсний баялагийн сан, Төсвийн тогтворжуулалтын сан гэх мэтээр боломжуудаа нэмэгдүүлнэ. Ковид цар тахал, дайн гэх мэт нөхцөл байдал хүнд байсан үеүүдээ даван гарч эдийн засгийн хувьд тэлэлт хийх боломжууд нь нээгдэж байна. Ийм үед маш ухаалаг бодлого явуулбал Монгол Улсын эдийн засгийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байна. Бид нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх асуудлыг ойрын хугацааны зорилт болгон дэвшүүлсэн.
Өөрөөр хэлбэл, засаглалын хэлбэр, аль нэг нам нь ялахаас үл хамаарч эцсийн бүлэгтээ иргэдийн аж, амьдрал сайжирсан байх ёстой гэсэн зарчим баримталж байна.
“ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙСЭН АЛДАА ЗАВХАРЛЫГ СӨРӨГ ХҮЧИНРҮҮГЭЭ ТҮЛХДЭГ, ТЭДЭНД НААДАГ, НЯЛЗААДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ”
-Ардчилсан намынхан ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш чөлөөт, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засагт шинэчлэл, реформ хийсэн гэж мэдэгддэг. Гэтэл өнгөрсөн найман жилийн хугацаанд олонх болсон МАН-ынхан өнгөрсөн үед гарсан хулгай луйвар, алдаа завхрал бүрийг АН-тай, АН-ынхантай холбон тайлбарлаж байна шүү дээ. Үнэндээ буруу бүхэн МАН-ын хувьд бусдынх нь болсон?
-Өнгөрсөн 34 жилийн улс төрийн түүхийг харвал, Ардчилсан нам дангаараа засагласан нь найман жил, хамтарч засагласан нь зургаан жил. Үүнээс дүгнэхэд АН 34 жилээс 14 жилд нь Засгийн газрын үйл ажиллагаанд оролцсон гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, МАН дангаараа 20 жил, хамтраад зургаан жил нийт 26 жил төрийн эрхийг барьсан байна. Тэгэхээр асуудлын учиг зангилаа хэнд, хаана байна гэдийг монголчууд гадарлаж байгаа байлгүй. МАН-ынхан өөрсдийнхөө хийсэн алдаа завхарлыг сөрөг хүчинрүүгээ түлхдэг, тэдэнд наадаг, нялзаадаг байж болохгүй. Энэ асуудал монголчуудын хувьд хэн бүхэнд ойлгомжтой асуудал.
Монголын түүхэнд тодоор бичигдэх хамгийн том хулгай, луйврын асуудал сүүлийн найман жилд гарсан шүү дээ. Үндсэндээ, эдийн засаг хэзээ тэлж эхэлсэн гэхээр Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа мөн Тавантолгойн бүтээн байгуулалтын дараа эхэлсэн. Уул уурхайг түшиглэж их хэмжээний баялаг, эдийн засгийн өсөлт бий болсон. Тэнд төрийн оролцоо өндөр байсан учраас авлига, хулгай, хөрөнгө мөнгө завших үйл ажиллагаа гарсан. Энэ үйл ажиллагаанд АН-ын оролцоо үнэхээр байгаагүй. Тэрийг нийт сонгогч, иргэд мэдэж байгаа. Дахин хэлэхэд аливаа явдлын үр дагавартай нь тэмцэх биш, шалтгаан нөхцөл, суурийг нь үгүй болгох ёстой. Алдаа завхрал авлига гараад байгаа суурь шалтгааныг үгүй хийх ёстой.
Аливаа бизнест төрийн оролцоо байсаар байвал тэнд авлига, хулгай үргэлж байна. Тийм учраас АН хувийн хэвшил хийж чаддаж байгаа бүхнийг хувьчилна гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талаас хөрөнгийн биржийг идэвхитэй ажиллуулна.
Бидний зорилт юу байсан гэхээр Монголын хөрөнгийн бирж дангаараа дотооддоо үйл ажиллагаа явуулах биш олон улсын хөрөнгийн биржүүдтэй яг ижил түвшинд, зэрэг хувьцаагаа гаргадаг, барууны хөрөнгийн биржийн шаардлагыг зэрэг хангадаг байх юм бол компаниуд шилэн болно. Тэгвэл амны үнэ, хилийн үнэ гэх мэт зохиомол үнэ байхгүй болно. Бүгд биржийн үнээр явагдана. Лондонгийн металийн бирж дэлхийн бүх ашигт малтмалын үнийг тогтоож байна. Үүн дээр суурилаж худалдаа арилжаа хийгддэг. Монголын хувьд гол худалдан авагч нь БНХАУ байгаа учраас тус улсын биржийн үнэ манай биржийн үнэ хоёр ойролцоо байдаг. Энэ зүйлд хаалт тавиад явбал одоо гараад байгаа алдаа завхарлууд, хөрөнгө мөнгө шамшигдуулах асуудал эрс багасна. Байхгүй ч болно.
-Бүх асуудлын гол зангилаа нь төрийн бодлого тогтворгүй, залгамж халаагүй байсантай холбоотой юу. Та сая “АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахыг зорьж байна” гэж хэллээ. Хэрэв ялалт байгуулсан тохиолдолд өнгөрсөн найман жилд МАН-аас хэрэгжүүлж ирсэн сайн бодлого шийдвэр, хууль эрх зүйн тогтолцоог үргэлжлүүлэх үү. Эсвэл дахин бодлогын реформ хийх нэрийдлээр шинэчлэх бодлого баримтлах уу?
-Өнөөдрийн Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа дотроос гурван асуудлыг шууд үргэлжлүүлнэ. Монгол Улс парламентын засаглалтай улс. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэхийн тулд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, түүнийг дагалдан гарч байгаа органик хуулиудтай холбоотойгоор парламентын засаглалыг төгөлдөржүүлэх арга хэмжээг төгс, төгөлдөр болгоно. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болж байгаа.
Хоёрдугаарт, авлига, хээль хахуультай тэмцэж байгаа энэ үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ. Учир нь, тэд авлига гарсан хойно нь үр дагавартай нь тэмцэж байгаа бол бид суурь шалтгаантай нь буюу авлига гарах тэр нөхцөл бололцоог нь үгүй болгоно. Ийм боломж байгаа гэж харж байна.
Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд төр бизнест оролцоод байх юм бол тэнд дарга шийдвэр гаргана. Дарга шийдвэр гаргана гэдэг нь үзэмжээрээ хандана гэсэн үг. Ямарваа нэг юм далд, нуугдмал байдлаар олон нийтийн хараа хяналтаас гараад эхэлсэн тохиолдолд тэнд алдаа завхрал гардаг. Онцгой байдал тогтоож, БЭТ томилж, нууцад хамруулах байдлаар асуудлыг шийдвэрлэвэл тэндээс бизнесийн шийдэл гарахгүй. Дандаа улс төрийн шийдэл гарна. Улс төрийн шийдэл гаргасан бизнесийн үйл ажиллагаа бол дандаа эрсдэл дагуулдаг. Тиймээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
Гуравдугаарт, 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш Монгол Улсад гадны том хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тэр ч бүү хэл хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Учир нь Монголын улс төр, бизнесийн орчин тэдэнд тааламжгүй болсон. Энэ байдал нь өрсөлдөх чадварыг бий болгохгүй.
-Тэгээд бизнесийн өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах ёстой гэж та бодож байна. Бизнесийн орчинд төрийн эрх мэдэл давамгайлаад удаж байгаа л даа?
-Одоо бид хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулаад дараагийн томоохон хэд хэдэн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох ёстой. Бидэнд уран, зэс, эрчим хүчний эх үүсвэр дээр маш их боломж байна. Монголын говь сэргээгдэх эрчим хүчний маш том нөөц болчихоод байна. Дэлхий нийтээрээ 2030 оноос хойш сэргээгдэх эрчим хүч дээр тавигдах шаардлагаа нэмэгдүүлж, энэ чиглэлийн хөнгөлттэй зээлийн боломж бололцоо нэмэгдэнэ. Гэтэл Монголын говьд түүний эх үүсвэр болсон нар, салхины асар их нөөц бололцоо байсаар байхад түүнийгээ ашиглахгүй суусаар байна. Ийм байж болохгүй. Одоо цагт ажил хийж байгаа хүн халамж авч байгаа хүн хоёр адилхан амьдарч байна. Нийт иргэдийн дунд ажил хийхгүй амьдарч болно гэсэн сэтгэлгээ төлөвшчихөөд байна.
Сонгуулиар намууд элдэв зүйл амлаж, эд материал мөнгө төгрөг тараах ёстой гэсэн ойлголттой байна. Ийм байдлаар явах юм бол энэ улс орон хөгжихгүй. Яагаад гэвэл төрийн бодлогоороо иргэдээ залхуу, ажил хийхгүй амьдрах бодлогыг урамшуулж, хөшүүрэгдсээр байх нь улсаа хорлож байгаа хэлбэр. Тиймээс ажил хөдөлмөр хийж байгаа нь халамж хүртэгсэдээс сайхан амьдрах боломжийг гаргаж өгөх ёстой.
Энэ асуудал дээр байгаа хамгийн том хүндрэл бол татвар. Тэр дотроо ажил олгогч дээр хамгийн хүндээр тусч байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/. Ардчилсан нам 2004-2008 оны хооронд дөрвөн 10-ын бодлого гаргаж дөрвөн төрлийн том татварыг 10 хувь руу буулгаж байсан. Түүний дараа татварын өршөөл үзүүлж байсан. Өөрөөр хэлбэл, үүний үр дүнд эдийн засгийн реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж чадна. АН яагаад ийм итгэлтэй хэлээд байна гэхээр 1996 онд үнэ чөлөөлж байсан. Тэр үед уг асуудлыг хүн бүр маш эмзэг хүлээж авч байсан. Гэхдээ үүний үр дүнд Монголд зах зээлийн эдийн засаг бодиттой хэрэгжих үндэс болж чадсан. Мөн 2004 онд хэрэгжүүлсэн дөрвөн 10-ын бодлогын хүрээнд иргэд, ААН-үүд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн.
Энэ мэтчилэн реформын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй уламжлалт байдлаар асуудлаад ярьсаар байвал дэвшил 5-6 хувиас дээш гарахгүй. Бид хоёр оронтой тоогоор хэмжигдэх эдийн засгийн өсөлтийн талаар ярихгүй бол хоцорно.
-Та гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ямар чухал гэдгийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Гэтэл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулсан асуудлыг юу гэж харж байна. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэнэт гарч ирээд уг хуулийн төслийг хойшлуулсан гэж үзэх ч хүмүүс бий. Эрх баригч МАН-ын Засгийн газарт “эсэргүүцэгчид” бий. Энэ төслийг унагааж байгаа улс төрийн та юу гэж харж байна?
-Та нар бүгдээрээ л харсан байх. Маргалдаж байгаа асуудлыг нь харах юм бол маш бодитой зүйл. Тэр хуулийг бүгдээрээ хамтраад баталчихсан. Тийм учраас энэ асуудал үндсэндээ хоёр намын улс төрийн сонголт, үйл ажиллагаа болчихсон. Нийт дүнгээрээ монголчууд хохирсон ийм л зүйл болсон.
Гадаадын хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулах вэ гэдэг дээр хоёр гол нам нэгдсэн байр суурьгүй байна гэж гадны хөрөнгө оруулагчид харах юм бол “Улс төрийн эрсдэл өндөртэй улс байна. Бүгдээрээ харзная” гэдэг сонголтонд хүрдэг. Монголчууд дотроо муудаж, сайдаж болно.
Бие биенээ янз бүрээр хэлж болно. “Олгой хагаравч тогоондоо” гэдэг. Гэхдээ гадагшаа гардаг бодлого дээрээ нэгдмэл, нэг байх ёстой. Үүнийг хэн ямар албан тушаал хашиж байсан гэдгээсээ үл хамаарч, Монголын төлөө зүрх сэтгэлтэй бол хийх ёстой. Энэ утгаар нь аваад үзвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг, түүнийг тойрсон улстөржилт нь Монголын эсрэг үйл ажиллагаа болсон гэж үзэж байгаа. Тиймээс энэ алдааг засч залруулаад хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой болсон гэсэн дохиог гадны хөрөнгө оруулагчид болоод дотоодынхоо хөрөнгө оруулагчдад өгөх ёстой.
“Х.БАТТУЛГАТАЙ ИЛҮҮ ИХ ОЙЛГОЛЦОЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА”
– Ардчилсан нам Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ямар түншлэл, харилцаа хамааралтай байгаа вэ. Нэгдсэн үзэл бодолтой байна уу, тусдаа байна уу?
-Намынхаа төлөө бүгд хамтарч ажиллаж байна. Та бүхэн харсан байх АН бүсүүдэд намынхаа чуулга уулзалтыг хийж байгаа. Баруун, хангайн бүсийн чуулга уулзалт болоод өнгөрсөн. Саяхан төвийн болон хойд бүсийн чуулга уулзалтууд болж байна. Эдгээр чуулга уулзалтууд дээр АН-ын дарга оролцож, 2024 онд сонгуульд горилж буй бүсийн тойрогт нэр дэвших дэвшигчдээ дагуулаад, танилцуулаад явж байна.
Өвөрхангайд болсон хангайн бүсийн уулзалт дээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, намын дарга Л.Гантөмөр нар оролцож байр сууриа илэрхийлсэн.
Тэр бүү хэл Х.Баттулга Ерөнхийлөгч “Хэрэв итгэл хүлээлгэвэл хангайн бүсийн менежер хийж болно” гэсэн байр суурь илэрхийлсэн. АН, МАН, хэн байхаас үл шалтгаалж, монголчууд эвлэж нэгдэх юм бол хөгжил дэвшил ирнэ. Энэ үүднээс нь аваад үзвэл илүү их ойлголцож, хамтарч ажиллаж байгаа.
-Тэгвэл хувь хүн Х.Баттулга өөрийн хувийн үзэл бодол, байр суурь Ардчилсан намын том үзэл баримтлал, үнэт зүйл, бодлоготой зөрчилдөж харагддаг шүү дээ?
-Ер нь бол Ардчилсан намд өнгөрсөн жилүүдэд болсон үйл явц, хуваагдал бол биднийг үзэл баримтлал, суурь зарим руугаа эргэж харах зайлшгүй шаардлагыг бий болгосон. Тэр ч утгаараа бид “Ардчиллын тунхаг” хэмээх гол бичиг баримтаа гаргасан. Хэн ямар албан тушаал хашиж байсан нь чухал биш. Хэн нийт ард иргэдийн дунд нэр хүнд өндөр байгаа, бага байгаа нь ч чухал биш. Гагцхүү Ардчилсан намын гишүүн болоод үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүр “Ардчиллын тунхаг” хэмээх үзэл баримтлал дээрээ суурилж байх ёстой. Суурь зарчмаа дагаж мөрдөөд дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг байх ёстой.
“С.ЗОРИГИЙГ ХЭРГИЙГ СӨХӨЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГТАА ИТГЭХГҮЙ БАЙХ ИЙМ ЗҮЙЛ РҮҮ ЯВЖ БАЙНА”
-Сонгууль бүрийн өмнө С.Зориг агсаны хэргийг гаргаж ирдэг. Энэ удаагийн сонгуулийн өмнө ч бас хөндөх гэж байх шиг байна. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?
-Миний хувьд маш их харамсч байна. Тухайн үйл явц болж байхад миний бие Засгийн газрын гишүүн байсан. Дээрээс нь С.Зориг агсаны фракцын гишүүн байсан. Бид хамт нэг сургууль төгссөн. Тухайн үйл явдал Монголын ардчилалд, монголчуудын хувьд хамгийн харамсалтай хэрэг болсон. Гэтэл уг хэргийг чимээгүй байлгаж байлгаж сонгууль бүрийн өмнө гаргаж тавьдаг, шоуддаг энэ үйл явц маш буруу. Энэ бол монголчуудыг дотор нь хагарган бутаргах үйл ажиллагаа болж байна. Та бүхэн 2000 оны сонгуулийн үйл явцыг санаж байгаа бол “АН засаг баривал С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй” гэсээр МАН өндөр хувийн ялалт байгуулсан. Түүнээс хойш МАН тасралтгүй засагласан. Асуудлыг шийдээгүй. Ингэж сүүлийн найман жил засагласны дараа нийт ард иргэд МАН-д итгэл хүлээлгэхгүй гэдэг нь тодорхой болоход дуулиан, сенсацийн шинжтэй олны анхаарлын төвд байдаг хэргүүдийг сэргээж байгаа нь маш буруу. Магадгүй богино хугацааны ялалтад нөлөөлж магадгүй. Гэхдээ нийт иргэдийн төр засагтаа итгэх итгэлийг үгүй хийж, монголчуудыг хагалган бутаргах, хууль шүүхийн байгууллагтаа итгэхгүй байх ийм зүйл рүү явж байна. Энэ бүхний эцэст Монголын тусгаар тогтнол хэврэг, Үндэсний аюулгүй байдлын асуудал сул дорой болно гэдгийг улстөрч хэн бүхэн ойлгох ёстой.