Хөгжлийн банкыг тонох “суурь цутгасан” гэгдэх Н.Батбаярт ял оноох уу…

0

Монгол улсын Хөгжлийн банкыг “хөгжлийн биш хөлжих” банк болгож хувиргасан асуудлын хэрэг одоо ч шийдэгдээгүй байна. Олон нийт Хөгжлийн банкыг хэрхэн тонон дээрэмдсэнийг мэдсэний хүчинд зээлийн эргэн төлөлтүүд төлөгдөж эхэлснээр өнөөдөр энэ банк дампуурлаас аврагдсан.

Хөгжлийн банкыг тонон дээрэмдсэн гэгдэх хэрэг 476 хавтаст хэрэгтэй, нийт 80 шүүгдэгчтэй, 100 гаруй өмгөөлөгч, гэрч, шинжээч, прокурор нийлсэн 200 хүн оролцож өнгөрсөн онд шүүхийн шийдвэр нь гарч байлаа. Гэвч Хөгжлийн банкны хэргээс томоохон нэр бүхий улс төрчид, өндөр албан тушаалтнуудын ихэнх нь мултарч гэм буруугүй болсон. Тэдний дунд Хөгжлийн банкыг “хөнтөрсөн” гэгдэх гол хүн “Фортуна” хочит Н.Батбаяр ч сугарч үлдээд байсан.

Тэгвэл прокуророос анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хурал эхлэн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Анхан шатны шүүхээс 40 гаруй хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, түүнчлэн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзсэн билээ. Харин одоо гэм зэмгүй, гэгээн мөртэй хүний дүр эсгэсэн “Фортуна” Н.Батбаяр дахиад сугарч үлдэх вий.

Дээр бичсэнчлэн Фортуна Н.Батбаярыг Хөгжлийн банкыг хөнтөрсөн гол хүн гэдгийг өмнө нь хэвлэлийнхэн онцолж бичиж байлаа. “Чингис бонд бол өр биш, Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг” хэмээн мэдэгдэж байсан тэр Эдийн засгийн хөгжлийн сайд  байхдаа “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байлаа.  Хөгжлийн банкыг өөрийн харъяанд авсан даруйдаа захирлаар нь өөрийнхөө зөвлөх Н.Мөнхбатыг томилж байсан нэгэн.

Өөрийн хүнийг Хөгжлийн банкны захирлаар томилж, бондуудын мөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон тэр цаг бол Хөгжлийн банкыг дампуурлын ирмэгт аваачих эхлэл гэж үздэг.

Хөгжлийн банкны хоёр дахь сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: “Та яагаад хуулиас давсан 29-р тушаал гаргаад, 2.4 их наяд төгрөгийг нээлттэй тендергүй, төсөвт өртөггүй захиргааны актад бүртгүүлэлгүй энэ бүх мөнгийг захиран зарцуулах журам гаргаад зохион байгуулав?” гэсэн асуултанд “дүлэгнээд” хууль зөрчөөгүй. Сайдын гаргасан эрх зүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй. Зэргээр биеэ өмөөрөөд өнгөрсөн байдаг.

“Хөгжлийн банкны захирлаар өөрийнхөө утсан хүүхэлдэйг тавингуутаа мeталлургийн үйлдвэр барина гэж дөвчигнөж явсан “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг гэгчид ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр зуу гаруй тэрбум төгрөгийн (доллараар) зээл олгох баримт бичигт гарын үсэг зурж байлаа.” Гэж сэтгүүлч Б.Ойдов Хөгжлийн банкны хэрэг сөхөгдөх үеэр бичиж байсан.

Тэгэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа үлдээгээд оргочихсон “сахал” Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий гэгддэг “Кью эс си” ХХК-ийн 181,6, Хөтөл ХХК 297,3 тэрбум төгрөгийн зээл ч “мань эртэй” хамаатай байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр “фортуна” Н.Батбаярыг “сахал” Д.Эрдэнэбилэгийн бүлэглэлийн хүн ч гэж олон ч хэвлэл бичсэн.

Хөгжлийн банкны захирлаар томилсон Н.Мөнхбат нь хэвлэл мэдээллийн байгууллагатай гэхэд л 10 орчим тэрбум төгрөгөөр гэрээ хийсэн байдаг. Энэ хэвлэл мэдээллийн байгууллага нь мөн л “сахал” Д.Эрдэнэбилэгийн гэгдэх Блүүмберг ТВ. 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан гээд олон ч асуудлууд хөвөрдөг. Энэ бүхэн нь Хөгжлийн банкны мөнгийг хэрхэн гарынхаа салаагаар захиран зарцуулж байсан нь тодорхой харагддаг.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан асуудал, “Мон Лаа” ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн гэж үзэн 4 жилийн хорих ял оноосон байдаг. Гэтэл “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдоод байсан “фортуна” Н.Батбаяр гэм буруугүй ээ гээд гараад ирсэн нь тухайн үед олны гайхшралыг төрүүлж байв. Өөрийнх нь “утсан хүүхэлдэйн” хэрэг тогтоогдоод ял авсан байхад “удирдлага атгаж байсан” нөхөр сугарч үлдсэн нь прокуроруудад шударга бус байсан нь мэдээж. Тийм ч учраас прокуророос гомдол гаргаж, өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж байгаа биз.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *