Н.Болдбаатар: Эрүүл мэндийн салбарт улстөржилгүй, бодлого нь нэг байх ёстой

0

Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлөөс “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт ба түүнийг тойрсон асуудлууд” сэдвийн хүрээнд бодлогын хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгээр Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай бодлогыг хэрхэн тусгах талаар нээлттэй ярилцлага өрнөлөө.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн, Анагаах ухааны доктор дэд профессор Н.Одонгуа, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Л.Отгонцэцэг, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Н.Болдбаатар нар оролцсон бол эрүүл мэндийн салбарыг төлөөлж “УБ-Сонгдо” эмнэлгийн эмч, удирдлагын төлөөлөл, Залуу эмч нарын нийгэмлэг, Шүдний нийгэмлэг, Арьс гоо заслын нийгэмлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн багш нарын төлөөлөл, ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл, Хүүхдийн эмч нарын нийгэмлэг, Элэгний өвчин судлалын нийгэмлэг, Эрүүл мэндийн яамны дэд сайд, удирдлагаар ажиллаж байсан мэргэжилтнүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж тус салбарын алдаа дутагдал, бодлогын шийдлүүдийг нээлттэй хэлэлцэж Ардчилсан намын удирдлагуудад санал болголоо. 

Энэ үеэр хүний их эмч, АН-ын ҮБХ-ы гишүүн Н.Болдбаатар: “Өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд дээр тодорхой шийдлүүдийг ярилцаж, тэр дундаа эрүүл мэндийн салбарын санхүүжилт, түүнийг тойрсон асуудлыг хэлэлцэж, үүн дээр зөв гарц шийдлийг олох зайлшгүй шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын даатгал, санхүүжилттэй холбоотой нэлээдгүй маргаан байдаг.

Эрүүл мэндийн салбарт улстөржиж болохгүй юм. Аль ч нам, улстөрийн хүчин байлаа гээд эрүүл мэндийн бодлого нь нэг байж, зөв зангидагдах ёстой.

Хамгийн гол нь тэр бодлогод зөвөөр нөлөөлж чадах хүмүүс нэгдэж, төрд зөв шийдлийг гаргаж, хэлж өгөх ёстой юм. Тийм ч учраас энэ хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Цаашдаа тогтмол явагдаж, клуб хэлбэрт орох нь зүйтэй юм гэж шийдсэн. Эрүүл мэндийн салбарт санаа сэтгэл зовж явдаг, өөрчлөх бодол хүсэлтэй хэн ч нэгдэж болно.” гэсэн юм.

Харин Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн, Анагаах ухааны доктор дэд профессор Н.Одонгуа: “Тухайн улс иргэнээ эрүүл байлгах уу? гэдэг нь нарийн төлөвлөгөө бүхий бодлого байх ёстой. Тухайн иргэн хүний төлбөрийн чадамжаас үл хамаарч эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх нь эрүүл мэндийн салбарт хөндөгдөж буй суурь асуудал юм.

Монгол Улсын нийт хүн ам дунд эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд бүх нийтийн хамрагдалт дээр судалгаа хийхэд нийт иргэдийн 63% нь хамрагдсан гэсэн үзүүлэлт гарсан байна.

Манай эрүүл мэндийн салбар анхан шатны тусламж, үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйлчилгээ дээрээ санхүүжилтээ зөв хуваарилж чадахгүй байна.” хэмээгээд өөрийн “Эрүүл мэндийн салбарын бодлого, цаашдын хөгжил”-ийн талаар илтгэл хэлэлцүүлсэн бол Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр: “Эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёр суурь салбар маань гээгдээд байна. Хүний хөгжил ярихаасаа өмнө бид эхлээд суурь реформын шинжтэй бүтцүүдээ хийх шаардлагатай.

Хүүхэд залуучуудын эрүүл мэнд, боловсролтой эмч, багш нар гэдэг тухайн нийгмийн хөгжлийн суурь бүрэлдэхүүн болдог. Тийм ч учраас эмч, багш нар асар өндөр ажлын хариуцлагыг үүрч явдаг.

Мөн түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт нь бусад салбарыг бодоход үр дүн нь маш удаан байдаг учир тухайн салбарт ажиллаж буй мэргэжилтэн, ажилчдыг тогтвортой бодлогоор дэмжин ажиллах шаардлагатай.” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *