“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар өрнүүлнэ

0

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /

 Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбарыг үүсгэн хөгжүүлсний 90 жилийн ой тохиож байна. Ойн баярын хурал өнөөдөр “Корпорэйт конвеншн” төвд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарынханд баярын мэнд дэвшүүлж үг хэллээ.

Тэрбээр, хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд дэлхий дахинд тохиолдсон цар тахал, дайн тулаан, тээвэр ложистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг нь улс орон бүрийг аж үйлдвэрийн салбартаа онцгой анхаарахыг бидэнд сануулж ирлээ. Үүнийг бид бүгд мэдэрч байгаа.

Тийм учраас хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.

Дээрх ажлын хүрээнд хүнсний үйлдвэрүүд болон сав, баглаа боодлын зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж буй иргэд, ААН-үүдэд чиглэсэн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт нэг их наяд гаруй төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд буйг тэмдэглэн хэллээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, зохих амжилтад хүрч, бодит үр дүн гарч хэлээд буйг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд сайхан байна.

Цаашид бид хөнгөн үйлдвэрийн салбарыг шинэ шатанд гаргах, тэр дундаа өсөн үрждэг баялаг болох мал аж ахуйн салбарт малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах, үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах чиглэлд бодит үр дүн гаргах шаардлагатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс орон даяар өрнүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.

Тодруулга: Хөнгөн үйлдвэрийн салбарынхан жилд 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбар болохын төлөө хүчин зүтгэж, 90 жилийн ойтойгоо золгож байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн оргил үе дэлхийн II дайнаас хойш эхэлж, 1960-1980 оны хооронд байв. Чөлөөт зах зээл шилжих өмч хувьчлалын үед үйлдвэрлэл буурсан ч өнөөдөр ахин сэргэж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Эдүгээгээс 90 жилийн өмнөх энэ өдөр буюу 1934 оны 3 дугаар сарын 26-ны энэ өдөр Аж үйлдвэрийн комбинат ашиглалтад орсноор Монгол оронд аж үйлдвэрийн салбар үүсэн байгуулагдаж, ялангуяа хөнгөн аж үйлдвэрийн газрууд голлох байр суурьтай хөгжиж, улс орны эдийн засгийн бүтцэд материаллаг үйлдвэрлэлийн томоохон салбар бий болох эхлэл тавигджээ.

Өнөөдөр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт нийт ААН, байгууллагын 6314 буюу 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. 

Эх сурвалж:Montsame

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *